Солонгорсон өнгөөр бусдын анхаарлыг татан гарч ирсэн “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өдгөө таван охины ээж болж, “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтлөх болсон.
Влогоороо дамжуулан өдөр тутмын аз жаргалтай амьдрал, гайхалтай хурим, амттай бал сарын аялал гээд өөрийн амьдралд тохиож буй зүйлийг харуулахын сацуу бусад бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч байдаг түүний влогийг олон мянган ээж нар шимтэн үздэг билээ.
Тэрбээр өнөөдөр /2019.12.25/ шинэ влогоо цацаж, энэ үеэрээ “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсноо зарласан юм.
Ханиад томууны улиралд улсын эмнэлэг өвчтөнөөр дүүрч, хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаад сэтгэл зовнидог тул ирэх жил буюу 2020 онд “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон ажээ. Тус эмнэлэг нь хүүхдийг эмчлэхээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх тасагтай байх гэнэ.
Мөн тэрбээр Алгаа, Нямка нартай хамтран саяхан өөрийн хамтлагийг байгуулж “Бүсгүй хүн бүр хөөрхөн” анхны уран бүтээлээ гаргасан юм.