Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан.
Тус нэгтгэл нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар ажилладаг.
Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангах зорилгоор сэлбэггүй зогсож байсан автобуснуудад их засвар хийж шугамын үйлчилгээнд гарган, автобусны online хяналтын төв байгуулж, 1, 2 дугаар баазын автоус угаалгын байрыг засварлаж, дулааны болон бохирын шугамыг шинэчилсэн. Япон Улсын Жайка, БНСУ-ын Серакомб ХХК-тай хамтран автобусанд тортогийн шүүлтүүр суурилуулж утааг бууруулах туршилтын ажил хийж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын DY үйлдвэрийн угаалгын шинэ тоног төхөөрөмжийг 1, 2 дугаар баазад суурилуулсан. Тус угаалгын төхөөрөмж нь өдөрт 150 автобус угаах хүчин чадалтай бөгөөд 19 м автобусыг 5 минутанд угаах хүчин чадалтай зэрэг олон ажлууд хийснээ танилцуулсан юм.
DAEWOO автобуснууд 2009 онд ашиглалтанд орж 10-аад жил ашиглагдан 800 гаруй мян.км гүйлттэй байна. Автобусны эд анги агергатууд элэгдсэн, рам хугарсан, шал цөмөрсөн, хана туурга тааз урагдаж зэвэрсэн байгаа учир цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 10 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийж туршихаар төлөвлөж байна.
1,2-р баазын засвар үйлчилгээний станцуудын тоног төхөөрөмжүүд нь 1987 онд ашиглалтанд орсон 32 жил болж хуучирч элэгдсэнээс ажил үйлчилгээ хийх боломжгүй, шинэчлэн солих шаардлагатай болсон. Татах дэд станц, контактын шугам сүлжээ, өндрийн ба намын кабелийг шинэчлэх, Саппорогийн уулзвараас 3,4-р хороололын эцэс хүртэл 8 км троллейбусны агаарын шугамыг шинээр хийх, барилга объектын ашиглалтыг сайжруулах үүднээс утаа зайлуулагчийг бүрэн ажиллагаатай болгох, шалны цутгалт хийж будах, дулааны шугамыг сольж их засвар хийх, цахилгаан шугам сүлжээний тоноглогдсон тусгай зориулалтын авто машинууд хуучирсан.
Энх тайваны өргөн чөлөөний 1-р эгнээг чөлөөлж нийтийн тээврийг явуулах, хяналтын камерыг нэмэгдүүлэх, зорчигчийн хөлс төлөлт,орлого бүрдүүлэлтэнд хяналт тавих эрх бүхий хөндлөнгийн байгууллагад шалгагчийг шилжүүлэн ажиллуулах, автобусны эцсийн буудлуудад цайны газар жолооч нар бие засах газрууд шаардлагатай байгааг уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн аюулгүй байдлыгхангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй байгааг газар дээр нь ирж үзэж танилцлаа. Үе шаттай нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх болно” гэв.