“Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаасан бөгөөд үндэсний баялгийн сан байгуулах том эхлэлийг энэ гэрээгээр тавьж байгаа аж. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанкинд нийлүүлж, улмаар гэрээнд тусгасны дагуу төлбөрийг төлөх юм. Монгол Улсын гадаад валютын нөөцөө өсгөхөд Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаа эерэгээр нөлөөлнө гэж найдаж байгаа юм байна.
Энэ тухай УИХ-ын дарга - "2019 он өөрчлөлт шинэчлэлтийн жил байсан. Дараа жил бид ирэх онуудын хөгжлийн суурийг тавина. Үндсэн хуулийн 6.1-т “Газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ баялгийг урт хугацааны бодлогод үндэслэн, үр өгөөжтэй ашиглана. Орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Ингэснээр иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг бид Үндсэн хуульд оруулсан" гэдгийг онцолсон юм.
"Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсны дагуу таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлож, цэвэршүүлж Монголбанкинд тушаах зорилготой ажиллаж байна. Эхний жилд 25-30 тонн мөнгө цэвэршүүлэхээр төлөвлөсөн. Богино хугацаанд технологийн болон үйлдвэрлэлийн туршилтад орж, 500 кг мөнгийг цэвэршүүлсэн авсан. Өнөөдөр ийнхүү дээжээ Эрдэнэсийн санд тушаалаа. Үйлдвэр ирэх оны зургадугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллана" гэдгийг Эрдэнэс Силвер ресурс компани мэдэгдсэн байна.