Хар тамхины хэрэгт манай урлаг соёлынхноос эхлээд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн албан хаагч, хуулийн ажилтнууд, дипломатуууд хүртэл холбогддог болжээ. Тэр бүү хэл, “Боинг” онгоцны нисгэгч хүртэл хар тамхинд мансуурчихсан Германд нисээд бууж байдаг болсон байна.
Гадаадын доншуур наймаачид, аялагч нэртэй тэнэмэлүүд нь хүртэл орж ирээд хар тамхи, мансууруулах бодисын наймааг чөлөөтэй хийж, өөрсдөө түүнийгээ хэрэглэн мансуурахаас гадна манай хөрөнгө мөнгө ихтэй чинээлэг гэр бүлийнхнийг энэхүү аюултай хоронд аажмаар дасгаж, сургадаг болсон байна. Африкийн хар тамхины бүлэглэлийн гишүүдээс энэ оны нэгдүгээр сард Нигер улсын дөрвөн иргэн Монголд их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис оруулан худалдаж байгаад баригдсан юм. Саяхан тэдний хоёр нь буюу Нигерээс манай оронд суралцах нэрээр орж ирсэн Адекола Олавасен Азез гэгч нь нийтдээ 500 гаруй сая төгрөгийн үнэтэй хар тамхи, мансууруулах бодис худалдаалсан хэргээр шүүхээс 6 жилийн хорих ял сонссон бол түүний гол хамтрагч Анози Дарлингтон Дон болон Монголын иргэн У.Ариунзул гэдэг эмэгтэй нар тус бүр 3 жил хорих ялаар шийтгэгдсэн байна.
Түүнчлэн энэ сард манай бас нэг дуучны хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад нөгөө дуучных нь хэрэг мандаж дуулиан тарив. Тодруулбал, шүүхээс хоёр жилийн ял сонсоод хоригдож байсан дуучин Б.Амархүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр нийслэлийн прокурорт буцаан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, батлан даалтанд гаргасны дараахан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр нь цагдан хорих шүүх хуралд орох үедээ гартаа зүүсэн гавтайгаа оргож зугтаагаад хотоос холдож чадалгүй тэр шөнөдөө баригдсан юм. Дуучин Б.Амархүүгийн хувьд уг нь цагаагийнхан анх түүнийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт машин дотроо мансуурах бодис хэрэглэж байхад үйлдэл дээр нь баривчилж, мансуурах бодис хадгалж байсныг хүртэл олж тогтоосон бөгөөд мань хүн ч тэр даруйдаа хэргээ хүлээсэн байлаа. Тэгээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэдэг үндэслэлээр хоёр жилийн ял оноож шийтгэхдээ мөрдөнд хоригдож байсан 28 хоногийг нь хасаад үлдсэн нэг жил арван нэгэн сарын ялыг биеэр эдлүүлэхээр болоод байсан юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулсан бөгөөд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Эдгээр хэргээс өмнө урлагийнхнаас ийм ноцтой хэрэгт холбогдсон хүн цөөнгүй гарсан ч тэд олон жилийн ял сонсоогүй, удаан хугацаагаар шоронд хоригдолгүй суллагдаж байв. Жишээлэхэд, өнгөрсөн онд дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, С.Чулуунбаяр нар хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан юм. Тэгээд шүүхээс С.Чулуунбаярыг нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар ашигласан хэргээр гэм буруутайд тооцон, нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдсэн. Харин дуучин Т.Болортуяа нь тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл ашиглаагүй хэмээн энэ хэрэгт хамааралгүй болж үлдсэн байлаа. Энэ мэтээр урлагийнхны ийм хэргүүдийг тоочоод байвал дуучин Х.Бат-Ундрал, Хип Хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр зэрэг зөндөө олон хүний нэрсийг энд жагсааж болохоор байгаа юм.
Тэгвэл хуулийнхан болон дипломат ажилтнууд, дипломат паспорт ашиглан контрбанд хийдэг хүмүүс нь голцуу хар тамхи, мансууруулах бодисыг хил дамнуулан тээвэрлэгч, түгээгчид болоод байна. Монголд ингэж хар тамхины хэрэглээ улам ихсэж байгаа нь борлуулалт маш эрчимтэй хийгдэж байна гэсэн үг.
Цагдаагийн байгууллагаас саяхан нийслэлийн таван дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нийт 1067 сурагчийг хамруулан судалгаа хийж үзэхэд тэдний 28 хувь нь уг бодисыг нэг ба түүнээс дээш удаа хэрэглэсэн гэсэн дүн гарчээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд оноох ял шийтгэлийн бодлого илэрхий суларч, шүүхээс маш хөнгөн ял оноохын зэрэгцээ, заримд нь ял завшуулж байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг өсөхөд ихээхэн нөлөөлсөн нь бусад судалгаа тандалтуудаас бас тодорхой болоод байна. Иймээс энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар өссөн бөгөөд уг хэрэгт холбогдогчид нь мөн 21 хувиар өсчээ. Ийнхүү хар тамхины нөхцөл байдал манайд өдрөөс өдөрт улам дордсоор байхад төр засгаас олигтой арга хэмжээ авахгүй, Эрүүгийн хуулийнхаа заалтуудыг чангатгах талаар юу ч хийхгүй, бүр хуруу хумсаа ч хөдөлгөхгүй суугаа нь даанч харамсалтай байна. Ер нь Монгол хар тамхичдын орон болоход ойрхон болжээ.