Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өслөө.
2019 онд урьдчилсан дүнгээр адуу 4 сая 213.8 мянган толгой, үхэр 4 сая 751.7 мянган толгой, тэмээ 472.4 мянган толгой, хонь 32 сая 258.7 мянган толгой, ямаа 29 сая 253.4 мянган толгой тоологджээ. 2019 онд малын тоо өмнөх оныхоос 5 төрөл дээр өссөн үзүүлэлттэй байна. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл ямаа 2.1 сая толгой буюу 7.8 хувь, хонь 1.7 сая толгой буюу 5.6 хувь, үхэр 370.8 мянган толгой буюу 8.5 хувь, адуу 273.7 мянган толгой буюу 6.9 хувь, тэмээ 12.7 мянган толгой буюу 2.8 хувиар тус тус өсчээ.
Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.2 хувь, үхэр 6.7 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна.
Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 639.9 мянган толгой, Дундговь аймгийн Эрдэнэдалайсум 586.1 мянган толгой, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 558.5 мянган толгой, Хэнтий аймгийн Хэрлэн сум 520.0 мянган толгой,Өвөрхангай аймгийн Богд сум 514.5 мянган толгой мал тоолуулж малын тоогоор сумдыг тэргүүлжээ.
ҮСХ нь мал тооллогоор малын тоо, толгой, түүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөнөөс гадна малчдын ахуй амьдрал, нийгэм, эдийн засгийн талаарх зарим гол мэдээллийг цуглуулж, нийтэд тархааж байна.
Нийт малчдын 40 хувь нь зээлтэй. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-34 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа юм. Тооллогын урьдчилсэн дүнгээр нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 60 хувь нь 35-54 насныхан байна.