Цаг үеийн мэдээ

            Хүмүүний амьдрал гэдэг үгээр илэрхийлж, үнэлэмжээр цэгнэдэг хялбар хямд эд биш.  Шар будааны үзүүр дээр ядан байж тогтдог, заяасан гайхамшигт амьдралдаа залбиран шүтэж амьдардаг хүмүүс байхад халаасанд сул “гүйх” бутархай мөнгө шиг дэмий нэг арилжчихдаг нэгэн ч байх. Гэхдээ хэн ч бай хорвоо биднийг алагчилж илгээдэггүй учраас бүгд л эхийн ариун хэвлийгээс орчлонд дуугаа хадаан байж мэндэлдэг. Алаг цоогтой хүний хорвоод зочилж буй үрийн заяаг эцэг эхийнх нь гарт өргөн барьдаг буянтныг бид “ХҮЙН ЭЭЖ” хэмээн авгайлдаг.  

            Бид энэ дугаартаа Монгол Улсын эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Б.Оюунгэрэлийг урилаа.

- "Энэ хорвоод эцэг эхээ сонгон, ирэхээр тэмүүлсэн энхрий жаахан үрийг нь эсэн мэнд эх барьж, ээжид нь хүйсийг нь харуулаад үнсүүлэх шиг дэндүү жаргал хаана байх вэ?" хэмээн Б.Оюунгэрэл эмч даруухан инээмсэглэнэ.

            Б.Оюунгэрэл эмч Клинкийн нэгдүгээр амаржих газар тасралтгүй 37 жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад сууж буй.  Гэр бүлд хүн нэмж, аз жаргал хайрладаг энэ л мэргэжилдээ хайртай тэрээр залуу халуун насаа зориулсан эмнэлэгтээ биднийг урьж ярилцсан нь учиртай. Хүн гэдэг ойр байх тусам илүү ихээр ижилдэн дасаж, холдож мартагдахын аргагүй ах дүүс мэт болдог. Булан тохой бүр нь танил дотно болж, ороод ирэхэд л сэтгэл нэг л дулаахан болчихдог эмнэлэг нь түүнд гэр шиг нь өег мэдрэмжийг төрүүлдэг. Омголон залуухан эмч бүсгүйг өмөг түшиг болон угтаж олон зүйлийг зааж сургасан ахмад эмч нараараа Б.Оюунгэрэл эмч бахархаж явдгаа өгүүлсэн юм.

ОЮУТАН АХУЙДАА "ТӨРӨХИЙН Л ЭМЧ БОЛОХГҮЙ ДЭЭ" ГЭСЭН БОДОЛ ЭСРЭГЭЭРЭЭ БИЕЛЛЭЭ ОЛЖЭЭ

            Б.Оюунгэрэл эмч Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Түүний аав ээж нь хоёулаа эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан хүмүүс бий. Тэрээр нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй. Юм л бол эмэгтэй дүү нараа эмчилж тоглодог байсан Оюунаа эмч наймдугаар ангиа төгсөөд хотод ирж Анагаахын дунд сургуульд элсэн суралцжээ. Зурагтад байх гэр рүүгээ  явахдаа төрөхийн эмнэлэгийн дэргэдэх буудлаас автобусанд сууна. Зогсоол дээр автобус хүлээн зогсохдоо төрөх эмнэлэг хавиар яваа тулгар биетэй эхчүүдийг хараад төрөхийн эмч л болохгүй юм шүү хэмээн боддог байж. Харин хүсээгүй зүйлсийг бурхан хэргээр биелүүлдэг мэт тухайн үеийн хуваариар яг л энэ газартаа ажиллахаар ирээд 37 жил тасралтгүй ажиллажээ.

Хувиарлагдаж ирээд ганц хоёр төрөлт дээр ахмад эмч нараа дагалдаж ажиллатал болмоор ч юм шиг.  Тухайн үед цөөхөн ч хүүхэд төрдөг байж. Ингээд анир чимээгүй долоо хоносны дараа бие даан анхны хүүхдээ эх барьж авах болжээ. Тухайн үед хэрхэн ажилласнаа одоо сайн санадаггүй гэх. Өмнө нь ахмад эмч нараа дагалдаад додигор байсан тэрээр тулгар эхдээ хэзээ нь ямар тариа хийхээ ч сандарсандаа мартаж орхиж. Гэхдээ л эрүүл саруул хөөрхөн хүү эх барьж, хязгааргүй эх баярласан Б.Оюунгэрэл эмч маань өнөөдөр 20.000 хүүхдийн “Хүйн ээж” болжээ.

Энэ олон жил тасралтгүй ажиллахад ажил тань гарт орчихсон уу хэмээх асуултад минь тэрээр “Үгүй дээ, би шинэ хүүхэд төрөх болгонд догдолдог. Хорвоод мэндлэх гэж яарах хөөрхөн үрс, эхийнхээ хэвлийгээс “унаад” часхийтэл уйлахад л сэтгэл минь сая амсхийдэг“ хэмээсэн юм.

ТЭР МОНГОЛ УЛСЫН 2САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ХҮЙН ЭЭЖ

              

            Сайн эмч байна гэдэг нэр төртэй сайхан ажил ч түүнийгээ дагаад хариуцлага дэндүү өндөр. “ЗААВАЛ ТАНИАР ЭХ БАРИУЛМААР БАЙНА” гээд ирэх хүмүүс олон бий. “Эмэгтэй хүмүүсийн жаргал, зовлон ижил. Тиймээс төрөх өрөө рүү хамт орцгооё” хэмээгээд Б.Оюунгэрэл эмч бидэнд халат, малгай, тавчик өмсүүлээд дагуулан явлаа. “Ээж” хэмээн дуудуулах эрхэм алдрыг эмэгтэй хүн дэндүү хатуу давааг давж олж авдаг аж. Хар хөлс нь цувж, шүд зуун тэвчээр заах залуухан ээж, тэргэнцэр дээр түрүүлэн орж ирээд төрөх орон дээр гарлаа. Сувилагчид, асрагч, тарианы эмч, эх баригч эмч  бүгд л тулгар эхэд анхаарлаа хандуулж хэрхэн зөв дүлж төрөх талаар зөвлөнө. “Миний охин дүлээрэй, хүүхдийнх нь толгой цухуйж байна, сайн байна, мундаг охин” гэгчилэн ээж ааваасаа л сонсох зөөлөн үгсийг тасралтгүй хэлж аргадан байж хөөрхөн охиныг эсэн мэнд төрүүллээ. Орчлонд мэндэлснээ зарлах мэт дуу хадаан уйлах тэдэнд малгай өмсүүлэн ээжийнх нь цээжин дээр тавих эх баригчийн царай нэг л тайван харагдана. 

                       Тэрээр мөн Монгол улсын 2 сая дахь иргэний хүйн ээж. Ээлж бүртээ олон арван эхийг үрийг төрүүлдэг Б.Оюунгэрэл эмч тухайн өдөр хоёр л хүүхэд эх барьж авч. Гэтэл уг хоёр хүүхдийнх нь нэг нь 2 сая дахь иргэн байсан аж.  Харин түүнийг гавьяаныхаа амралтад суухаас өмнө түүний эх барьсан 2 сая дахь иргэн болох охин хүүхдээ төрүүлэхээ Хүйн ээжээ зорин иржээ.

ХОЁР ХҮҮГИЙНХЭЭ ӨНЧИН НАЙЗЫГ ӨРГӨЖ АВСАН АЧЛАЛТ ХҮН

            Монголчууд бид хүний тус ачийг санаж, баяр талархалаа эрхэмлэдэг сайхан заншилтай ард түмэн. Тэр ч утгаараа шинэ төрсөн хүүхэд “авсан ээжээ” дуурайдаг хэмээн ярилцдаг.

            Тиймээс хүний болон өөрийн үрстээ дуурайлалтай амьдарч, ажиллаж явах л чин хүслийг эрхэмлэдэг тэрээр өөрөө гурван сайхан хүүгийн ээж, долоон ачийн эмээ. Том хүү н.Жамъянсүрэн хүү охинтой бол дунд хүү н.Батчулуун хоёр хүү нэг охинтой. Харин бага хүү н.Цэдэнсамбуу хоёр хүүтэй. Тэдний дунд хүү Батчулуун наймдугаар анги төгссөн жил ээж нь өнгөрч, том хүү Жамъянсүрэнтэй найзалж гэрээр нь орж гарсаар бүрмөсөн Оюунгэрэл эмчийн хүү болжээ. Б.Оюунгэрэл эмчийн хань эрт бурхны оронд заларч, тэр цагаас хойш гурван хүүгээ бусдаас дутахгүй өсгөхийн төлөө ажиллаж амьдарч  явна. Өглөөний нартай уралдан бусдад аз жаргалын замыг нээж өгдөг ач буянтай мэргэжил нь түүнийг Монгол Улсын Эрүүлийг Хамгаалах Гавьяат Ажилтан цол тэмдгийн эзэн болгожээ. 

“Хүүхэд гэдэг бурхны бэлэг, тэр л нандин бэлгээ гар тосон аз жаргал дүүрэн угтаж байгаарай. Бэлэг гэдэг зориулсан эзэндээ баяр баясал, аз жаргалыг өгч байдаг учраас насан туршдаа сэтгэл өгөөмөр амьдардаг юм шүү” хэмээн Б.Оюунгэрэл эмч залуу эцэг эхчүүдэд захисан юм.

 

Таны сурталчилгаа