Цаг үеийн мэдээ

            Алдартай зохиолчдын агуу бүтээлүүдийг уран яруу хоолойгоор үзэгч түмэндээ хүргэж, сонсогчдынхоо оюун санааг  яруу найргийн гэрэлт мөрөөр  ариусган цэнгүүлсэн  Д.Жагдаг хэмээх уран уншигч эрхмийг энэ цаг мөчид санан дурсахын учир түүний охин М.Энхтуяатай цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр нэгэн цагт ээжийнхээ амьдруулсан шүлэг, найраглуудыг уншиж, эмхэтгэн DVD болгожээ.

Зө.мн –Тун удахгүй он солигдох гэж байна. Таны хувьд 2019 он ямар дурсамжийг үлдээн одож байна вэ?

М.Э:– 2019 он маш их уй гашуу, харууслыг авчирсан хүндхэн он байлаа. Оны эхэнд хайртай ээжийгээ бурхны оронд үдлээ. Хийж чадаагүй үйл, хэлж чадаагүй үгсээ дотроо хурааж, ээжийнхээ хийхийг хүсэж байсан зүйлийг биелүүлэхийг хичээлээ. Гэр бүлээрээ ээжийнхээ төрсөн нутагт очиж, нутгийнх нь наадмыг үзэж, нутгаар нь аяллаа. Ээж маань сүүлийн хэдэн жил зундаа Америкт амьдардаг дүү дээр маань очдог байсан юм. Тэгээд энэ жилийн зун бүгдээрээ нутагтаа наадмаа хийнээ гэдэг байсан.  Ээжийнхээ төрсөн нутагт очиход өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд олон л юм бодогдсон доо. 

Зө.мн – Ээж тань яахын аргагүй шүлэг найргийг амилуулж, сонссон нэгний сэтгэлийг уярааж чаддаг гайхалтай уран бүтээлч байсан даа. 

М.Э:– Ээж минь уран уншигчид зохиолчдын бүтээлийг ард түмэнд хүргэх гүүр нь болдог байлаа. Урлагын бригадаар сум баг бүрт очиж уран бүтээлээ хүргэдэг байсан нь яруу найрагт дуртай үзэгч сонсогчдын тоог нэмэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Хүний сэтгэлийг хөндөж эс чадваас хөнгөн бийрийг хөших юун гэж В.Инжинаш хэлсэнчлэн хүний сэтгэлийг хөдөлгөж уярааж, уясааж, өөрөө ч шүлэг найрагтаа орж амьдарч чаддаг байсан уран бүтээлч байлаа ээж минь. 

               

Зө.мн – Таны хувьд ээжийнхээ дурсгалд зориулж "Их найргийн хурим" цомог гаргаад удаагүй байна. Цомогт ямар ямар бүтээлүүд багтсан бэ? 

М.Э:– Монголын ард түмний сэтгэлд хоногшиж үлдсэн олон сайхан найраглалуудыг ээж минь уншиж амьдруулсан байдаг. Ардын уран зохиолч, Төрийн шагналт Л.Түдэв гуай нэгэнтээ "Монголын тэргүүн зэргийн уран уншигч Дамбийнямын Жагдаг шиг цэцэн цэлмэг, ой ухааны цэлмэг сан болсон, урт урт найраглалуудыг булгийн ус шиг жирэлзүүлэн уншиж, олон түмнийхээ оюун санааг  яруу найргийн гэрэлт мөрөөр  ариусган цэнгүүлсэн ийм уран уншигч дахин төрөхөд их ховор" гэж хэлсэн байдаг. Ээж маань өөрийн уран бүтээлүүдээс бүрдсэн "Их найргийн хурим" цомгоо өмнө нь гаргасан байдаг. Тэр цомогт ороогүй олон сайхан бүтээлүүдийг "Их найргийн хурим-2" цомогт багтаалаа. Д.Пүрэвдорж "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан богд", Мөн АУЗ Б.Лхагвасүрэн, Т.Галсан, С.Оюун, Ц.Хулан, Бя.Энхтуяа зэрэг олон сайхан яруу найрагчдын сор болсон бүтээлүүд энэ цомогт багтсан. Ээжийн уншиж амьдруулсан хэр нь дуу бичлэг нь үлдээгүй нэлээн хэдэн шүлэг яруу найргийг охиных нь хувьд уншиж, эжийдээ сэтгэлийн суварга босголоо. 

Зө.мн: – Цомгийг хаанаас авч болох вэ? 

М.Э:– Энэхүү цомгоо цөөн хувь хэвлэсэн. Зохиолч нартаа, найз нөхдөд нь дурсгал болгон үлдээлээ. Ээжийн минь уран бүтээлийг сонсдог, үнэнч шүтэн бишрэгч нар нь надтай холбогдож авч болноо. Миний утас 99041764.

Зө.мн: – Ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжууд мэдээж олон бий. Ээжийг тань маш хөдөлмөрч хүн байсан гэж дурсдаг юм билээ?

      

М.Э:– Ээж минь үнэхээр хүний төлөө гэсэн халуун сэтгэлтэй, хөдөлмөрч хүн байсан даа. Зүгээр сууна гэж бараг байхгүй, үзэгчид тайзан дээрх гал цогтой Жагдагийг мэддэг байх. Тэгвэл гэртээ бидний өмсөх бүхий л зүйлсийг оёно, тайзны гоё хувцаснуудаа өөрөө оёчихно. Тэтгэвэртээ гараад зүгээр суулгүй урагшаа хойшоо наймаанд ч явж байсан. Цайны газар ажиллуулаад тогооч хийж ч явсан, ёстой зүгээр суудаггүй хүн байсан даа.  Өглөө үүрээр л ээжийнхээ шүлэг найраглал цээжлээд дүнгэнэтэл чанга, чанга ярьж уншихыг сонсож сэрдэг байлаа даа. Одоо дурсан санахад дэндүү сайхан. Намайг өлгийтэй байхад ээж Улсын филармонийн бригадаар аваад явдаг байж. Тэгэхэд тайзны ард өлгийтэй би унтаж байдаг байсан гэнэ лээ. Симфони найрал явж байхад унтаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд тоглолт дууссаны дараа л уйлдаг байсан гэнэ лээ. Тэгээд намайг энэ ер нь урлагийн хүүхэд байна гэж хэлдэг байсан гэсэн. 

Зө.мн – Таны хувьд UBS  телевизэд Дикторын алба хашихын зэрэгцээ UBSTV-ийн Сургалтын төвд Хөтлөгч-Нэвтрүүлэгчийн ур чадварын багшаар ажилладаг юм байна. Саяхан “Хөтлөх урлаг” номоо уншигчдын хүртээл болгожээ?

М.Э:– Би 2011 оноос UBSTV-ийн Сургалтын төвд Хөтлөгч-Нэвтрүүлэгчийн ур чадварын багшаар ажиллаж байна. Эхэндээ өөрийгөө чамлаж эмээж байлаа.  Улмаар 2017 онд СУИС-ийг "Хөтлөгчийн урлагын Монгол уламжлалын асуудалд" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Залуу хөтлөгч, нэвтрүүлэгчиддээ, энэ чиглэлээр сурч мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулаад "Хөтлөх урлаг" номоо хэвлүүллээ. Энэ чиглэлийн мэдээлэл, баримтуудыг судалгааны эргэлтэнд оруулж ирж байгаад ач холбогдол нь орших байх.Энэ цаг үед хэн бүхэнд хэл ярианы соёл нэн чухал байна. Хүүхдээ багаас нь эх болсон монгол хэлээр нь зөв ярьж, зөв сэтгэдэг болгохын тулд номтой сайн нөхөрлүүлэх хэрэгтэй. Маш сайн цээжлүүлэх хэрэгтэй. Монгол хэлнийхээ баялаг үгийн сангаа байнга судалж, өдөр тутмын яриандаа оруулж хэвшүүлэх хэрэгтэй дээ. 

Зө.мн:–Ярилцлагынхаа төгсгөлд ирж буй шинэ оноо ямар зорилгуудыг өвөрлөн угтаж байна даа?

М.Э:–Шинэ ондоо нэлээд зорилгыг өвөрлөн орно доо. Ер нь зохиолчийн хэлэх гэсэн санааг уран сайхны хэлээр, уран сайхны өгүүлэмжээр, өөрийнхөө бие хэл сэтгэлээрээ мэдэрч хүргэх нь уран уншлагын гол зорилго юм. Тиймээс уран уншлагын энэ төрөлд хүч үзэж байгаа уран бүтээлчид ховордож байгаа энэ үед энэ чиглэлийг хөгжүүлэх юм сан гэсэн үүднээс бодож санаж байгаа зүйл их байнаа.

Зө.мн:– Маш их баярлалаа. Таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай!

 

 

Таны сурталчилгаа