Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа.

ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох

  • Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
  • Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
  • Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
  • Дууны инженер Дондойн Гантөмөр,
  • Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
  • Удирдаач Бадамхандын Нямдорж,
  • Дуучин Хайдавын Төмөрбаатар,
  • Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянмонгол чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.

ЭНЭ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Монголчууд аа, эрхэм уран бүтээлчид ээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдөр 2019 оны Монгол Улсын Төрийн шагналыг гардууллаа.

Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм.

Тус чуулгаас 1981 онд гаргасан “Баянмонгол” пянз, 2019 онд гаргасан “Баянмонгол-50 жил” пянзнуудад багтсан дуу, хөгжмийн бүтээлүүд, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын үе үеийн уран бүтээлчдийн туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучдад энэ шагналыг олгож байна.

“Баянмонгол” чуулгын он цагийн шалгуурыг давсан, олон нийтийн таашаал, хүндлэлийг хүлээсэн багц уран бүтээлүүдэд Төрийн шагнал олгож байгааг коммунист үзэл суртлын хатуу шалгуураар өнгөрсөн нийгмийн үед Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төрөөс бодлогоор дарж, орхигдуулж байсан алдааг залруулж байгаа гэж бас ойлгож болно.

Ингээд Баянмонгол чуулгын уран бүтээлүүдэд олгож буй Төрийн шагналыг тус чуулгын төлөөлөл болсон хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх, хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат, саксафон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар, дууны инженер Дондойн Гантөмөр, тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж, удирдаач Бадамхандын Нямдорж, дуучин Хайдавын Төмөрбаатар, удирдаач Сугарын Саруул-Од нарт хүртээлээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл, дуу хөгжим улам бүр яруусаж, цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.

 

Таны сурталчилгаа