Сайжруулсан түлшнээс ялгарах угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд үнэгүй суурилуулах Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ дагуу угаарын хий мэдрэгчийг БНХАУ-д захиалгаар хийлгэсэн байна. Нийт 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг өнөөдрөөс эхлэн айл өрхүүдэд суурилуулахаар болсон аж. Стандартын шаардлага хангасан, UL сертификаттай, зайгаар ажилладаг төхөөрөмж юм. Тэгвэл Amazon.com -с угаарын хий мэдрэгчийн үнийг судалбал хамгийн багадаа $6-с эхлээд $200 орчим хүртэл үнэтэй төхөөрөмжүүд байна. Угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд нэг удаа үнэгүй тараах юм.
Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан "Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулсан. Бид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй. Утаанаас болж жилдээ хэдэн мянгаараа хүн хордож, урагт хүртэл нөлөө үзүүлж байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн ажлаа хот хийх ёстой. Гэхдээ хяналтаа маш сайн тавьж, иргэдийг эрсдүүлэхгүй байх нь бидний үүрэг. Тиймээс угаар мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх үүргийг хүлээлээ. Ирэх сарын 1-ээс өмнө гэр хорооллын өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр боллоо. Өнөөдөр гэр хорооллын 200 мянга гаруй өрх бий. Бид дахин айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Зарим айл нь төвийн халаалтад холбогдсон. Цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлууд ч бий. Тиймээс нарийвчилсан судалгаа хийж, бодит тоог гаргах шаардлагатай. Дараа нь хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх боломжтойг мэргэжлийн байгууллагуудаар судлуулна. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргана. Гэхдээ энэхүү төхөөрөмж нь харьцангуй үнэтэй. Ойролцоогоор 30 мянган төгрөгөөс 400 мянган төгрөгийн үнэтэй ч бий. Гэхдээ хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ хямд төхөөрөмжийг нийлүүлэх ёстой гэж бодож байна. Гол нь энэ дунд бизнес, шахаа, цавчаа, нэмээ орох ёсгүй. Тиймээс шууд үйлдвэрлэгчтэй нь харилцаж, хямд үнээр авах асуудлыг судалж байна. Хэзээ, хэн эрсдэх бол гэж хүлээгээд сууж болохгүй" гэх тайлбарыг өгсөн билээ.