Кристина Нобел хүүхдийн сангийн үйл ажиллагааг дэмжигч Британийн иргэн Жакулин Прайс, Эвилин Гүүдсэл, Нита нар Монголын зорилтод бүлгийн хүүхдүүдэд зориулж Зул сарын хандивын арга хэмжээг Английн Робэртсбриж хотод зохион байгуулжээ. Уг хандивын арга хэмжээг анх 14 жилийн өмнө Робэртсбриж суурингийн оршин суугч Эвилин Гүүдсэл түүний хөрш Нита нар санаачлан эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа аж. Тус арга хэмжээнд Кристина Нобелийн хүүхдийн сангийн зохицуулагч Сандра Баннэртон, тус сангийн албан ёсны зурагчин У.Ганзориг (Британи дахь Жи-СтудиМН) болон Робэртсбриж суурингийн ойр орчимд амьдардаг Британийн иргэд оролцож Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулж нэхмэл цамц, малгай ороолт, оймс бусад эд зүйлсийг хандивлахын зэрэгцээгээр 550 гаруй фунтийн мөнгөн хандивыг цуглуулсан байна.
Кристина Нобелийн хүүхдийн сангийн Британи дахь ажилчид жилд дунджаар 1,000 орчим хүүхдийг дулаан хувцсаар хангахаас гадна, Монголдоо эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй өвчтэй хүүхдүүдэд гадаадын томоохон эмнэлгүүдэд хандаж үнэгүй эмчилгээ авах, замын зардлыг нь төлөх зэрэг маш олон ажлуудыг санаачлан хийж хүүхдэд чухал шаардлагатай витаминууд, эм тариа, түлэнхийн тос зэрэг Монголын нэн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй бүхнийг олж илгээх ажлуудыг жил бүр зохион байгуулж Монголын зорилтод бүлгийн хүүхдүүд, гэр бүлийн төлөө ажилладаг байна.