Цаг үеийн мэдээ

ОРОН СУУЦНЫ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 6 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ БОЛЛОО

Татварын багц хуулийн шинэчлэл өнөөдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Татварын ерөнхий газар хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн үзсэн билээ. Энэхүү хуулинд орсон онцлох арван өөрчлөлтийг дурдвал:

НЭГ. Гадаадад төлсөн татварыг хасаж тооцно /150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцох зохицуулалт шинээр орсон/.

ХОЁР. Орон сууцны албан татварын хөнгөлөлт 3 хүртэлх сая байсныг 6 сая хүртэлх болгов.

ГУРАВ. Орон нутаг дахь бизнесийг дэмжинэ /1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90% -ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ/.

ДӨРӨВ. Иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол ашгаасаа татвараа төлөх боломжтой.

ТАВ. Үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон.

ЗУРГАА. Сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд субъектийн хүрээг өргөтгөсөн.

ДОЛОО. Дулаалгын материал зэргийг худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

НАЙМ. Ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.

ЕС. Чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулсан.

АРАВ. Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд тавихгүй

    ИРГЭД ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ний энэ өдрөөс хэрэгжиж эхэллээ. УИХ-ын чуулганы (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Тус хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж буй нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Энэ өдрөөс иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдахаар боллоо.

ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан билээ. Энэ дагуу амьжиргааны түвшинг нь харгалзан олгож байсан хүүхдийн мөнгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болсон. Үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан билээ. Тогтоолын төслийг санаачлагчид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж, хүүхдийн мөнгө авна гэж тооцжээ.

21208 ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

Нэгдүгээр сарын 1-ний энэ өдрөөс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа буй шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар болж байна.

-Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч, зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

-Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

-Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

-Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.

                                 1-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД ҮДИЙН ХООЛТОЙ БОЛЛОО

Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоол иддэг болж байна. Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийн өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулж буй юм.

Энэхүү төслийг санаачлагчид “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх боломжтой хэмээн үзжээ. Үүнд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суутгах бөгөөд жилд дунджаар 65 тэрбум төгрөгийг суутгаж, нийт 300 гаруй тэрбум төгрөгийг суулгахаар төлөвлөсөн билээ.

Таны сурталчилгаа