АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү
-Авлигын гэмт хэргээс үүдэлтэй 11.9 их наяд төгрөгийн хохиролтойгоор он шувтарч байна уу даа. Энэ тоо бол Монгол Улсын төсвөөс давсан их хэмжээний хохирол. Энэ их хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?
-АТГ-ын хуулиар хүлээсэн нэг чиг үүрэг бол авлигын гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ чиглэлээр тодорхой хэргүүд дээр, ялангуяа олны анхаарал татсан гэж яригдаад байгаа хэргүүд дээр нэлээд анхаарал хандуулж ирлээ.
Ялангуяа АТГ-ын дарга, дэд дарга хоёр өнгөрсөн тавдугаар сард шинээр томилогдон, Нийслэлийн прокурорын газартай хамтраад тодорхой хэргүүдийг шалгах ажлыг эрчимжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргасан байдаг. Энэ хүрээнд бид өнгөрсөн сард холбогдох мэдээллүүдийг өгсөн.
“Оюутолгой” төсөл, Нийслэлийн Засаг дарга асан, мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нартай холбоотой хэрэг зэрэг олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдаж байсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргүүдийн хувьд нийт учирсан хохирлын хэмжээ 11.2 их наяд гэж байгаа. Сүүлд бараг 12 их наяд болсон.
Ер нь нийгэмд ч гэсэн улсын төсвөөс давсан хэмжээний хохирол гэсэн ойлголт яваад байгаа. Үүнээс хамгийн их буюу 9.5 их наяд төгрөг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дээр яригдаж байгаа. Үүн дээр нэг анхаарах зүйл бол 11.9 их наяд төгрөг алга болчихсон юм шиг ойлгоод байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлж байгаа. Дээрээс нь битүүмжлэн хамгаалж байгаа.
Манайд жишээ нь 136 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалчихсан. 7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах асуудал яригдаж байна.
Эрдэнэтийн 49 хувийг төр өөрөө мэдэлдээ авчихсан байгаа. Тэгэхээр 9.5 их наяд төгрөгийн хохирол бол битүүмжлэн хамгаалагдсан гэдэг ойлголтод хамаарна. Бусад хэргүүдийн хувьд хохирлыг нөхөн төлүүлнэ.
-Авлигын томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Одоо ч бас олон хэрэг яригдаж байна. АТГ олон cap жил мөрдөн шалгаж буруутайг нь тогтоогоод шүүхэд шилжүүлж байгаа. Ийм атал хэрэгсэхгүй болж байгаа хэргүүдийн араас санаа тавих, санал гаргах хууль эрх зүйн боломж байдаггүй хэрэг үү?
-Авлигатай тэмцэх чиглэлээр, ялангуяа хэрэгт холбогдож байгаа этгээдүүд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй. Дээрээс нь асар өргөн хүрээтэй хуулийн баг ажиллуулдаг. Энэ хүмүүс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ асуудлыг өөрт ашигтайгаар буруу зөрүү ашиглаад байгаа ойлголт юм.
Жишээлбэл, 30 өмгөөлөгч авч ирчихээд “Гурав нь ирээгүй байна. Шүүх хурлаа хойшлуулъя” гэдэг хүсэлт гаргадаг. Эсвэл шүүхийн шийдвэртэй холбогдуулан үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хождог. Шүүх дээрээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарчихаад байхад л найм, есөн сарын хугацаанд манай дээр ирэхгүй. Байшингаас байшингийн хооронд яваад байдаг асуудал бий. Үүнийг бид удаа дараа зарлаж байсан.
Уг нь хэрэг мөрдөн байцаалтад буцаахад долоо хоногийн дотор л бид ажиллагааг хийчихэж байгаа. Гэтэл нөгөө талд аль болох хэргийг удаашруулах сонирхол үйлчлээд байна. Үнэхээр өөрсдөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол шүүх дээр очоод гэм буруугийн асуудлаа тогтоолгочих хэрэгтэй.
Түүнээс биш шүүх руу оруулахгүй, зугтаалгах боломж хайгаад яваад байна гэдэг өөрсдөө ямар сонирхолтой вэ гэдгийг харуулаад байгаа нэг хэлбэр. Үүн дээр аль аль талдаа анхаараад процессын хувьд хурдан хугацаанд шийдвэрлээд нийгэмд ч гэсэн зөв ойлголт өгөх ёстой.
Асуудал шийдэгдэж нэг талдаа гарч байх учиртай. Шалгагдаж байгаа этгээд буруугүй гэж өөрийгөө үзээд байгаа юм бол шүүхээр гэм буруугүй эсэхээ тогтоолгоод явчихад өөрийнх нь нэр төрд цэвэр биз дээ.
-Хөөн хэлэлцэх хугацаагаар холбогдсон хүмүүс нь ялгүй өнгөрдөг юм байж. Харин улсад, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой гэж зарим хуульч тайлбарлах болсон. Үнэхээр тийм боломжтой юу?
-Энэ бол боломжтой асуудал. Манайхаас тухайн үед Зам тээврийн яамны газрын дарга асан О-той холбоотой хэрэг дээр хохирол нөхөн төлүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Тухайн хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай гэж шүүхээс тооцсон.
Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шүүхээс хэрэг нь хэрэгсэхгүй болгосон. Үүн дээр манайхаас удаа дараа прокурорын байгууллагад хүсэлт гаргасны хүчинд шүүхээр түүний 600 сая төгрөгийн орон сууцыг улсын орлого болгох шийдвэр гаргасан. Энэ мэтчилэн дараа дараагийн хэргүүд дээр ч хохирлыг нөхөн төлүүлэх асуудал тавина.
Хуульд зааснаар прокурор төрд учирсан хохирлыг төрийн өмнөөс нэхэмжлэх эрхтэй. Тиймээс Прокурорын байгууллага энэ чиглэлээр хэлтэс байгуулан ажиллаж байгаа. Нэг ёсондоо хохирол барагдуулах чиглэлээр прокурор манайх хоёр хамтарч ажиллаж байгаа.
-ХЭДС-тай холбоотой хэрэг танайд шалгагдаж байгаа. Хэргийн шалгалтын явц ямар шатанд явна вэ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АТГ хууль зөрчиж байгаа асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ талаар танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Одоо бол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн ширийн асуудлыг ярих нь зохимжгүй. Хуулиар хориотой. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэвлэлийн хуралтай холбоотой асуудлууд дээр тайлбар өгье.
“АТГ 10 жилийн хүүхэд, оюутан залуусаас долоон дор ажиллаж байна”, “АТГ ичихгүй бол бүрэн эрхээс түдгэлзүүлэх бичиг аваад оруулаад ир”, “АТГ-ын дарга Дашдаваатай уулзах хүсэлт өгөөд найм хонолоо. Уулзаж болохгүй гэсэн хууль байхгүй” гэх мэтээр мэдээлэл хийсэн.
Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн долоогийн долдугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Мөн хуулийн 15-ын долдугаар зүйлийн нэг дэх хэсэгт оролцогч нь мөрдөгчийн шийдвэр ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр үйл ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргана гэж заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байгаа бол мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг прокурорт, прокурортой холбоотой бол дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй.
Түүнээс биш АТГ-ын даргатай биечлэн уулзсанаар ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Хэргийн оролцогч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалттай холбоотой гомдол хүсэлтээ тухайн хуульд заасан журмынхаа дагуу гаргаад явах ёстой. Учир нь УИХ-ын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д УИХ-ын гишүүн хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх, 37.1.8-д гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох шахалт үзүүлэхийг хориглоно гэдэг.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж байгаа нь АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа оролдлого гэж харж байгаа.
-Уг хэрэгт төрийн өөр өндөр албан тушаалтнууд шалгагдаж байгаа юу?
-Одоогоор тийм юм байхгүй. Зарим нэг агентлагийн дарга, дэд дарга нартай холбоотой асуудал шалгагдаж байгаа.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд Монголд ирж, АТГ-т байцаалт егөх үүрэгтэй. Гэвч одоог хүртэл сураг алга?
-Тухайн үед хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан байсан. Надад байгаа мэдээллээр бол шүүхэд хүсэлт гаргаад хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр яваад ирнэ гэсэн хугацаанаасаа хоёр гурван удаа хугацаа нь хойшилсон.
Тийм учраас манай байгууллагын зүгээс оргон зайлсан гэж үзээд эрэн сурвалжилж, байгаа байршлыг нь тогтоох ажиллагаа хийгдсэн. Байршил нь тогтоогдсон. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-ны хавьд ирнэ гэсэн хугацаа хэлсэн боловч одоогоор ирээгүй байгаа. Хуульд заасан хугацаанд ирэхгүй бол албадан ирүүлэх дараагийн шатны арга хэмжээг авна.
-Авлига, албан тушаалын хэргийг шалгахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ. Тухайлбал, ХОМ-тэй холбоотой хэрэг зөрчлийг шалгахад банкны гүйлгээг шалгах нь хуулиар хориотой гэдэг?
-Батлагдсан хуулиуд ийм тийм байна гээд гоншгоноод байх нь нэг талдаа зохимжгүй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд дордуулж байгаа асуудал бий. Тухайлбал, ХОМ-тэй холбоотой шалгалтын үйл ажиллагаа явуулахад таны хэлдэгчлэн банкны гүйлгээ шалгах асуудал байна.
Дээрээс нь АТГ-ын төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангахад гол дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Үүний тулд өмнөх төсвийг дараа онд бууруулан батлахыг хориглоно гэдэг хуулийн заалтыг 2015 онд хүчингүй болгочихсон. Дээрээс нь албан тушаалтнуудыг тухайн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байвал тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий субъект нь томилохоос татгалзана гэсэн хуулийн заалттай байлаа.
Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ хуулийн заалт хүчингүй болсон. Энэ мэт тодорхой асуудлууд дээр ухарсан, өмнөхөөсөө дордсон зохицуулалт бий болоод байгаа. Гэхдээ тийм боллоо гээд үйл ажиллагаа уруудаад байгаа юм алга. Хуульд заасан чиг үүргээ биелүүлээд ажиллаж байна.