Цаг үеийн мэдээ

            Хаалттай хаалганы цаана бидний ирээдүй болсон бяцхан үрс уйлж байна. Тэр л хаалганы цаана бяцхан зүрх аймшигт хүчирхийлэлийн зовлон амсаж, насандаа даахгүй  ачаа үүрч байна.  Цэцэг цэврүү мэт жаахан үрс минь ийм зовлон үүрэх учиргүйн тулд бид шинэ оны эхэнд энэ сэдвийг хөндөж, холбогдох албаны хүнтэй ярилцлаа.  

БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ж.Баасанжаргал.

Зө.мн: - Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Ж.Б: - 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 7.1 хувиар буурсан үзүүлэлтэй боловч цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь иргэдийн эрхээ хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлага нэмэгдсэн, ихэвчлэн гэр бүлийн гишүүдээс гомдол гаргадаг байсан бол хөндлөнгийн этгээдээс тухайн гэр бүл дэх хүчирхийллийг мэдээллэх хандлага нэмэгдсэнтэй холбож үзэж болно.

Зө.мн: - Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

Ж.Б: - Өнгөрөгч 2019 он Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр эрчимтэй явагдаж нэлээдгүй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Мөн 2019 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгож зарлаж олон сайхан ажлуудыг санаачлан ажиллаа. Энэ ажлуудаас иргэдэд нэлээд хүрсэн нь "Зөв тусгал" аян юм. Энэ аян эцэг эхчүүдэд илүүтэй чиглэсэн бөгөөд "Та хүүхдийнхээ зөв тусгал нь байх ёстой" гэдгийг мэдрүүлсэн үр өгөөжтэй, эерэг үр дүнг авчирсан аян болсон.

Зө.мн: - Хүүхэд хүчирхийлэх хэргүүд юунаас болж гардаг вэ?

Ж.Б: - Хүчирхийлэл бүрийн цаана хүүхэд байдаг. Хүүхдийн халдашгүй эрх нь насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас олон талаар зөрчигдсөөр байна. Ихэвчлэн зам тээврийн осолд өртөх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хуучнаар танхай, зодооны хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, зарим тохиолдолд хулгай, дээрэм, залилан, хүчиндэх гэмт хэргүүдэд өртөж байна.   Хүүхэд энэ мэт хэргүүдэд өртөж байгаа нь үнэндээ эцэг эхийн л асуудал шүү дээ. Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгаалах тухай хуулиараа 0-18 насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь харах үүрэгтэй. Тэр үүргээ л эцэг эхчүүд биелүүлэх ёстой. Эцэг эх нь салаад явчихсан бол асран хамгаалагч нь харж хандаж, эрүүл аюулгүй, тайван амьдрах нөхцлийг нь тэр хүмүүс л хангаж өгөх ёстой. Аав ээжүүд үүнийг өөрсдөө маш сайн ойлгох хэрэгтэй. Гэнэт нэг хүн гарч ирээд л бүх юм болохоо больчихсон юм шиг ханддаг. Гэмт хэрэгтэнг үзэн ядах сэтгэлгээндээ биш, ээж аавууд өөрсдөө маш сайн соён гэгээрч Хүмүүс хүүхдээ харж хандана гэхээр 24 цаг хажуудаа байлгана гэж ойлгоод байдаг. Хүүхэдтэйгээ ярилцаад, заавар зөвлөгөө өгч, ийм юм байвал болохгүй шүү, хэлээрэй гэвэл хүүхэд ойлгоно. Хичээлээ тараад гэртээ яаж ирвэл зүгээр вэ, хэдэн цагаас хэдэн цагийн хооронд автобусанд сууж болох, таксинд суухдаа юуг анхаарах ёстой вэ гэх мэт зааварчилгааг өгч байх ёстой.

Зө.мн: - Хүүхдийн хүчирхийлэл үйлдэгчид ямар этгээдүүд байдаг вэ?

Ж.Б: - Хүүхдийн хүчирхийлэл дотроо олон хэлбэртэй. Бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл гэх мэт. Нийгмийг цочроосон энэ аймшигт үйлдлийг ураг төрлийн хүмүүс ихэвчлэн үйлдэж байна.  Гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийг ихэвчлэн хөрш, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь л хуулийн байгууллагад хандаж илчилдэг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй нийт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшин доогуур, хүчирхийлэгч нь гэр бүлээ тэжээдэг байх нь элбэг. Энэ тохиолдолд гэр бүлийн хүн нь дийлэнхдээ тэвчих замыг сонгосон байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Тэд “Хэрэв миний хүүхдийг хүчирхийлээд байна гээд цагдаад мэдэгдвэл орлогын эх үүсвэргүй болно. Мөн хуулийн байгууллагаас ногдуулсан ямар нэгэн шийтгэлийг хүлээснийхээ дараа бүр илүү хохирол учруулж мэднэ” гэх айдсаасаа болж хэргийг нуун дарагдуулдаг .

Зө.мн: - Гэмт этгээдэд ямар ял ногдуулдаг вэ?

Ж.Б: - Холбогдох хуульд зааснаар бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил хорих ял ногдуулдаг.

Зө.мн: - Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ямар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой байдаг вэ?

Ж.Б: -  Юуны түрүүнд эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ ойр байж тэднийг ажиглаж мэдэрдэг байх ёстой.  Таны хүүхэд хэвийн тайван байна уу аль эсвэл айдас түгшүүртэй байна уу гэдгийг анзаар. Хүчирхийлэлд өртөж буй хүүхэд дараах шинж тэмдгүүдийг үзүүлдэг.  Тэд найз нөхдийн болон нийгмийн үйл ажиллагаанаас татгалзах, уурлаж зөрүүдлэх,  хичээлийн үзүүлэлт нь буурах, таслах, гэртээ байхыг хүсэхгүй болох зэрэг байдлыг үзүүлдэг.  Бүр даамжирвал амиа хорлох ч үйлийг гаргана.  Тиймээс хүүхдэд тань ийм байдал ажиглагдвал тэдэнтэй дотнолчлон ярилц. Үгүй бол мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалчтай уулзуул. Ер нь хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тархинд уг аймшигт явдал дор хаяж 5-7 жил хадгалаастай байдаг.  Үүнийг цаг хугацаа болон эцэг эхийн хариуцлагатай байдал эдгээнэ. Гэхдээ урьдны аймшигт зүйлийн тухай жоохон сэдэл авахад сэтгэл зүйн байдал буцаад сэдэрдэг.  

Зө.мн: - Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хамгаалж чадаж байна уу?

Ж.Б:- Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд үүнийг нэн гэр бүл эцэг эхчүүд л илрүүлэх боломжтой. "Хөөрхөн зүрх" ТББ явуулын автобус ажиллуулж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна. Уг автобус сургалт сурталчилгаа болон хүүхэд ганцаарчлан уулзах хэсэгтэй. Гэхдээ уг автобус улсын хэмжээнд ганц л байна.

Зө.мн: - Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

 

Таны сурталчилгаа