Сонголт хийнэ гэдэг энэ хорвоо дээрх хамгийн хэцүү зүйл байх. Хамгийн наад зах нь л оройн хоолонд юу идэх вэ? гээд л. За тэр ч яахав энгийн л зүйл. Гэхдээ үнэхээр бид өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй тийм нөхцөлд сонголт хийнэ гэдэг хамгийн аймшигтай. Тэр сонголтын үр дүн нь ямар байх бол гэсэн айдас хамаг биеийг минь бүрхэн авдаг. Тэр сонголтын үр дүнд би хариуцлага хүлээх учраас мөн тэр сонголт хожмын намайг бүтээх болохоор тэр шүү дээ. Өнөөдрийн миний сонголт маргаашийн намайг бүтээнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Мөн аймшигтай…
Гэхдээ ихэнх хүмүүс үүнийг ойлгоогүй амьдрасаар. Тэдний амьдрал амьдралын урсгалыг даган урссаар. Ямар гунигтай хэрэг вэ? Заримдаа би тэр гунигт урсгалыг даган урсах нь ч бий. Яагаад ч юм татагдаад орчихдог юм. Хүн их хичээл зүтгэл гаргасан ч зарим үед урсгал даган урсаж өөрийгөө амраах хэрэгтэй учраас тэгдэг байх л даа. Тэр гунигт урсгал дулаан таатай ч булингартаж сааралтсан байдаг. Урсгал ус хэдий ч яагаад ч юм булингартай. Энэ урсгалын хажуугаар эсрэг урсгалд урсах хэсэг бий. Энэ хэсэг маш хүйтэн мөн анх орохын тулд маш их тэвчээр шаарддаг. Гэхдээ нэг орчихсон байхад амархан дасан зохицдог.
Эсрэг урсгалд орох үедээ би өөрийн сонголт ямар утга учиртайг ухаарсан хүмүүсээр хүрээлэгддэг. Тэр хүрээллээ дагаад өөрийн сонголтонд анхаарч хүрээллээ даган урсгал сөрөн урсаж эхлэдэг. Энэ үед л би хүнд хүрээлэл гэдэг ямар чухал гэдгийг ухаардаг юм. Гэхдээ тэр хүрээллээ сонгоно гэдэг ч мөн адил хүнд сонголт. Урсгал даган урсах гунигт хүмүүсээр хүрээлүүлэх нь надад таатай ч урсгал сөрөн урсах баатруудаар хүрээлүүлэх нь надаас ямагт сорилт авч хүнд байдалд оруулдаг. Гэхдээ л одоогийн жаргалыг золиослон хожмын жаргалыг өөртөө өгөх нь миний сонголт. Энэ сонголт минь хожмын нэг өдрийн намайг баатар болгох байх гэдэгт би итгэдэг. Мөн сонголт хийх хэдий хэцүү ч намайг дагуулах баатруудад би итгэдэг.