Хүн бүрийн хүүхдээсээ асуудаг зүйл ‘Том болоод ямар хүн болох вэ?’. Уул нь асуултын хувьд зөв асуулт. Гэхдээ бидний энэ асуултыг хүлээж авах хандлага анхнаасаа буруу суусан юм шиг. Та бага байхдаа энэ асуултанд юу гэж хариулдаг байсан бэ? Магадгүй эмч, цагдаа, сансрын нисгэгч гэж үү? Үүн дээр л бидний алдаа байгаад байгаа юм. Мэргэжил тухайн хүнийг тодорхойлно гэсэн өрөөсгөл ойлголт. Багаас бидний тархинд хуралдаж овоорсон том баас. Хэрвээ тархи ялгадсаа гадагшлуулдаг байсан бол үүнийг л хамгийн түрүүнд хаяхсан…
Энэ чинь ямар хүн болох вэ? гэсэн асуулт болохоос ямар мэргэжилтэй хүн болох вэ гэсэн асуулт биш шүү дээ. Мөн бидэнд сайн хүн болоорой гэж сургадаг болохоос сайн мэргэжилтэй хүн болоорой гэж сургадаггүй… Бид одоо ч хүн бүрийг тухайн хүний мэргэжлээр л дүгнэдэг. Тэгвэл бусад зүйл нь хаагуур өнгөрчхөв? Тухайн хүний хүн чанар, амьдралд хандах хандлага, үнэт зүйл гэх мэтчлэн бусад зүйлс… Дунд ангид байхад ангийн багшийн хэлж байсан үг огт санаанаас гардаггүй юм.
Багш самбар дээр нэгийн тоо бичээд ‘Энэ бол хүн чанар’ гэж хэлэн түүний араас тэг бичих бүрдээ эд хөрөнгө, боловсрол гэх мэтээр нэмсээр л байв. Нэгийн тооны араас тэг нэмэгдэх бүрд тухайн тоо орон орноор нэмэгдсээр л… Эцэст нь багш нэгийн тоог арилган ‘Хэрвээ энэ нэгийн тоо байхгүй бол ард нь хэдэн ч тэг байсан тэг л байх болно. Тийм учраас та нар ямар ч эд хөрөнгөтэй, боловсролтой байсан хүн чанраа л алдаж болохгүй шүү’ гэж захиж байсан юм.
Миний мөрөөдөл гэвэл хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, олж байгаа мөнгө нь утга учиртай мөн хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж амьдрах нь л миний мөрөөдөл.
Тэгвэл ‘Таны мөрөөдөл юу вэ?’