Ерөнхийлөгч он солигдох мөчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаад буй талаараа мэдэгдсэн.
ҮАБЗ-ийн зөвлөмжийг ажил хэрэг болгох төсөв байгаа эсэх талаар, хэрэв тийм бол ахмадуудыг зээлтэй, зээлгүй гэж ялгаварлалгүй хандах ёстой талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Мөн дөнгөж сая Монголбанк иргэд нэмж зээл авахаас сэргийлж, тэтгэврийн зээлийн олголтыг зогсоогоод байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ энэхүү зөвлөмжтэй холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгд улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс биш хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна.
Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яриагүй. Ерөнхийлөгч АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байгаа юм шиг харагдаж байна. Гэвч ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш шүү дээ. 700 гаруй тэрбум төгрөгийн зээл арилжааны банкуудад бий. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. Салхитын мөнгөний орд гадны хөрөнгө оруулагчтай. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ. Нарийн тооцоо, судалгаа мэдэхгүй байна. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо, судалгаагүй зөвшөөрсөн. Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал есөн их наяд төгрөг болсон” гэжээ.
Мөн тэрбээр өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал өмнө нь хэзээ ч яригдаж байгаагүйг хэлээд тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй бөгөөд улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэйг хэлсэн байна