Цаг үеийн мэдээ

ДЭМБ-ын мэдээлснээр, агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн нас барж байна гэжээ. Судалгаанаас үзэхэд, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь бохирдолтой агаараар амьсгалж байна. Тиймээс хүн ам төвлөрөн суурьшсан томоохон хотуудын агаарын чанарыг сайжруулах зорилт дэлхийн удирдагчдад томоохон сорилт болж байгаа юм. 

Тэгвэл Лондон хот саяхнаас "CityTree" хэмээх агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хотынхоо хамгийн их бохирдолтой гурван бүсэд суурилуулжээ. Анхны биотехнологид суурилсан энэхүү шүүлтүүрийг Берлинд төвтэй Green City Solutions компани бүтээж, Хонконг хамгийн анх буюу 2016 онд хотдоо суурилуулж байжээ. 4 метр өндөр, 3 метрийн өргөнтэй тус шүүлтүүр нь 275 модтой тэнцэхүйц хэмжээний хүчин чадалтай гэнэ. Шүүлтүүрт байрлуулсан навчит ургамал нь ойролцоох агаар дахь тоос шороо, бохирдлыг өөртөө шингээн авч, хүчилтөрөгчийг ялгаруулдаг юм байна. Зохион бүтээгчдийнх нь хэлж буйгаар,  "CityTree" өдөрт 250 грамм тоосонцрыг, жилд 240 тонн нүүрсхүчлийн хий өөртөө шингээн авч тэр хэрээрээ хүлэмжийн хийг бууруулна гэжээ. 

 

Онцлууштай нь, энэ төхөөрөмж бүрэн автомат бөгөөд ургамлуудыг арчлахад хүний хүч хөдөлмөрийг зарцуулах шаардлагагүй гэнэ. Төхөөрөмжийг нарны зайн хураагуураар ажиллуулж, хуримтлуулсан борооны усаар навчит ургамлуудыг усалдаг аж. 

Тус бүр нь 25,000 долларын өртөгтэй энэхүү агаар цэвэршүүлэгчийг одоогоор Берлин, Осло, Парис, Брюссель, Хонконг, Лондон зэрэг томоохон хотууд суурилуулж эхлээд байна. 

Таны сурталчилгаа