Нийгмийн даатгалын байгууллагаас сайн дурын даатгуулагчдад чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор зохицуулалт хийжээ.
Тухайлбал, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд даатгуулагчид 2020 оны нэгдүгээр сард багтаан шимтгэлээ төлбөл гэрээний хугацаа сунгагдсанд тооцохоор болсон байна. Шимтгэлийн хэмжээ нь 13.5 хувь буюу 2019 онд мөрдөгдөж байсантай ижил байх юм.
Харин сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн тухайд 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцох юм байна. Шимтгэлийн хэмжээ сард 56,700 төгрөг.
Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчлөх зэрэг гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өөрийн биеэр очихыг зөвлөлөө.