Өнөөдөр МАХН-аас “Өр”-ийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хүрээнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга ийнхүү мэдэгдсэн. "Өөрийнх нь хуримтуулсан мөнгийг өөрт нь эргээд хүүтэй зээлүүлнэ" гэдэг шударга бус үйлдэл. Тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
- Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмад настнуудад нэг удаа тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх
- Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх
зэрэг зарчмыг баримтлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна. Түүнчлэн дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй дараах ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм.
- Малчдын зээлийн хүүг тэглэх
- Цалингийн зээлийн хүүг тэглэх
- Ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг
Мөн МАХН-аас ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэхдээ эх үүсвэрийг нь хаанаас яаж гаргах вэ? гэдэг асуудлыг хөндөн, Ерөнхийлөгч та тэтгэврийн зээл, зээлийн өрийг тэглэх үйл ажиллагаа явуулахдаа УИХ, Засгийн газарт чиглэл өгч эх үүсвэрийг нь дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа уламжиллаа. Үүнд:
- “Капитал” банк дампуурч уг банкинд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, нийт 240 орчим тэрбум төгрөг
- “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1,2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн ахмадуудын зээл, зээлийн хүүг тэглэх эх үүсвэр болгох
- Мөн АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395,7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж тогтоосон. Нийт мөнгөн дүн 13,8 гаруй их наяд төгрөг болж байна.
АТГ-ын албан ёсны мэдээлэлд албан тушаалтнууд 12 их наяд төгрөгийг хулгайлсан эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээл тэглэх эх үүсвэр болгох нь зүйтэй хэмээн МАХН-ын зүгээс мэдэгдлээ.