Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ –нд албан тоотоор хүргүүлсэн. Энэ жил томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус тархалт өндөр байна.
Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгийн насны буюу дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Гэтэл томуугийн өвчлөлийн зөөвөрлөгч нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг.
Энэ хүрээнд Засгийн газрын 1-р сарын 6-ны хуралдаанаар сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна.