Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуулаа.

Мөн зөвлөгөөний төгсгөлд холбогдох албан тушаалтнуудад хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө. “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах шаардлагатай. Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулах ажлыг дүүрэг, хороодын Засаг дарга нар зохион байгуулж ажилла. Энэ онд Улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр сард холбогдох бүх байгууллагуудад шилжүүлсэн байх ёстой. Өнгөрсөн онд Худалдан авах ажиллагааны хүрээнд чанаргүй хийгдсэн, ажил удааширсан цөөнгүй тендерүүд бий. Ийм алдааг цаашид гаргахгүй байх чиглэлд анхаар. Мөн энэ жилээс Худалдан авах ажиллагааны газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газартай хамтран ажиллах хэрэгтэй. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон стандарт нормыг хангасан тоног төхөөрөмжтэй аж ахуйн нэгжүүд тендерийн үйл ажиллагаанд давуу талтай байхаар тооцож худалдан авах ажиллагааг зохион байгуулах шаардлагатай. Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараах учир нарийвчилсан тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд түүнийг хэрэглэх гарын авлагыг тараах ажлыг яаралтай зохион байгуулж ажилла” хэмээн үүрэг болголоо.

2020 оноос эхлэн төрийн албан хаагчдын илүү цагийн болон бусад нэмэгдэл олгох журам хэрэгжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор ажлын үр дүнг нь харгалзан үзнэ. Ажил хийсэн бол нэмэгдэл урамшуулал авдаг, ажлаа цалгардуулсан бол хариуцлага тооцдог байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах хэрэгтэй.

Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хичээл оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн “Автомашин хэрэглэгчдийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулаагүй бол асуудлыг нь даатгалаар түргэн шуурхай шийддэг хэлбэрийг тодорхой болгох, хариуцлагагүй жолооч нарын буруутайгаас болж, замд “зохиомол” түгжрэл үүсдэг байдлыг өнөөдрөөс эхлэн таслан зогсоо. Жолооч бүр гар утастай, гар утсаараа ослын зургаа дараад, түүнийг нь замын цагдаа, даатгалын компаниуд эх сурвалжаа болгодог байдлыг хэвшүүлж, нэн даруй зам чөлөөлөх ажлыг зохион байгуулдаг байх шаардлагатай.

Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид энд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэдээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг. Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” гээд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Таны сурталчилгаа