Гоо сайхан, эрүүл мэнд, жендэрийн эрх гээд яриад байвал их зүйлийн ард хоцордог хэмээн гомдоллодог эрчүүд маань нэг үеэ бодвол өөрийн биедээ анхаарал тавьж, арчаатай ханддаг болжээ. Тэр ч утгаараа эрчүүдэд түгээмэл тохиолддог асуудлуудыг хамтдаа шийдэхээр асуултад тань хариулт өгье.
- Би гэрлээд таван жил болж байгаа ч хүүхэдтэй болоогүй байна. Үргүйдэлтэй холбож ойлгож болох уу?
Эр хүний үргүйдэл олон шалтгаантай байдаг. Хамгийн энгийнээр тайлбарлахад эр хүний үрийн шингэн дотор нэг удаагийн гаралтад дөрвөн зуун мянгаас хоёр сая орчим сперматозоид байдаг. Энэ тоо нь хангалттай байна уу, сперматозиод болгон хангалттай хөдөлгөөнтэй байна уу, толгой, сүүлний хэлбэр хэвийн байна уу гэдгийг тогтоолгох хэрэгтэй. Жишээ нь сүүл нь ихэнх нь хугархай байх тохиолдол байдаг. Тэгвэл энэ нь өндгөн эстэй уулзах хүртэл хол замыг туулж чадахгүй эргэлдэх хөдөлгөөн хийгээд байдаг. Тэр байтугай үрийн шингэн дотор сперматозоид байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох ёстой. Зарим хүнд байхгүй тохиолдол ч бий. Багадаа гахайн хавдраар өвдөж, тэрнээсээ шалтгаалж төмсөгний үрэвсэлтэй болж, төмсөгний ихэнх хэсэг нь үрэвсэж сорвижсон бол тийм байдаг. Үүнийг аль ч лаборторид тодорхойлуулж болно. Мөн заг хүйтэн, төмсөгний хавдар тусаж байсан уу, багадаа төмсөг нь хожим бууж ирсэн үү зэргийг шинжлүүлж мэдэх шаардлагатай. Гэхдээ эрэгтэйчүүдийн үргүйдэл ховор байдаг. Тэгэхээр эхнэртэйгээ хамт явж шинжлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн арван хүн тутмын хоёр нь үргүйдэлтэй байх нь бий. Энэ нь өндгөн эс бүр байхгүйдээ биш, гол төлөв үрэвслийн гаралтай, труба бөглөрсөн, үр тогтсон ч гэсэн аборт хийлгэж байсны улмаас сав нь үр тогтоохоо больчихсоноос шалтгаалдаг.
-Бэлгийн чадавхийг дээшлүүлэх эмийг хааяа ууж хэрэглэхэд дотор эрхтнүүдэд хортой юу?
Ямар эм уухаас шалтгаална. Хүн орхоодой, бугын цусан эвэр зэрэг нь дотор эрхтнүүдэд муугаар нөлөөлөхгүй. Гэхдээ бэлгийн чадавхийг айхтар сайжруулж чадахгүй. Гэхдээ их уувал даралт унагах сөрөг талтай. Виагра бол харьцангуй гайгүй, дасал болдоггүй, муу нөлөөгүй. Зөвхөн бэлэг эрхтнээс гадна бүх бие тархи, зүрхний судас нарийссан судас тэлдэг нитритийн нитросорбирдын төрлийн эм ууж байгаа хүн хамаагүй хэрэглэж болохгүй. Тэгвэл огцом инфакт болох магадлалтай.
-Түрүү булчирхайн дасгал хөдөлгөөн зааж өгөөч?
Дасгал хөдөлгөөнөөр үүнийг эмчлэх арга бараг байдаггүй. Монголчуудын дээр үеийн уламжлалт ганц дасгал л байдаг. Нэг хөлөө босгоод нөгөө хөл дээрээ борхирч суух. Хөлийн өсгий түрүү булчирхайн дээр таарахаар суудаг. Тэр дасгалыг үргэлж хийж байвал түрүү булчирхайг дарж байнгын дасгал болно. Сайн дасгал болох ёстой. Гэхдээ үүнийг шөнөдөө гурав хүртэл шээдэггүй, зовиур багатай хүмүүс хийж болох юм. Энэтхэгийн йогийнхон бохирч суухыг нэвтрүүлж, бүр монгол суудал гэж нэрлэн, түрүү булчирхайд зориулсан дасгал болгосон байдаг. Тэр нь өрөөсөн хөлийн өлмий дээр суух. Нөгөө хөлийн өсгийг түрүү булчирхайд тааруулж өлмийгөө газар тулж сууж байгаа хөлийнхөө өвдгөн дээр тавиад суух юм. Энэ тийм амархан дасгал биш. Тэгэхээр эхний удаад хоёр гараараа юм тулаад хийж болно. Өдөрт нэг, хоёр удаа хийж болно.
- Ах маань 70 гаруй настай. Түрүү булчирхайн томролттой, үе үе эм авч уудаг. Мэс заслын аргаар түрүү булчирхайг авч болох уу? Авахуулснаар сөрөг үр дагавар гарах уу?
Түрүү булчирхайн томролт 80 настай эрэгтэй хүмүүсийн бараг гурван хүний хоёрт тохиож байж магадгүй. Хэрвээ шөнө хоёр гурваас олон босдог, шээхэд маш төвөгтэй байдаг, их дүлүүлдэг, яаж ч дүлж шээгээд заавал үлдчихдэг, ойр ойрхон шээдэг бол мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймгүй бол түрүү булчирхайн сайн эмүүд эмийн сангуудад байдаг. Хэрэв үрэвсэлтэй бол үрэвслийн эсрэг энгийн эмчилгээнүүд хийж, антибиотик, үрэвслийн эсрэг эмүүд ууж болдог. Ингээд намдахгүй зовиуртай байх юм бол хагалгаа хийлгэж болно. Хагалгаа олон янз бий. Шээсний сүвээр, хэвлийгээс нь дурангаар хийнэ, нээлттэй ч хийж болно. Хагалгаа хийлгэх гэж буй бол бөөрний мэс заслын эмч нараас зөвлөгөө авах хэрэгтэй.
-Цэвэршиж буй эрэгтэйчүүдэд зан ааш өөрчлөгдөхөөс гадна нүүр биед өөрчлөлт орох, үс халцрах зэрэг өөр шинж тэмдэг илрэх үү?
Аль аль нь байна. Булчин шөрмөс нь багасаад, хөл гар нь нарийсч, гэдэс нь цүдийгээд, сахал үс нь бууралтаад ирнэ. Эр хүн эмэгтэй хүнтэй адилхан 55 наснаас эхлээд бэлгийн чадавхи муудаж, зан ааш нь өөрчлөгдөж, булчин шөрмөс нь багасдаг. Үүнд авах арга хэмжээ гэж байдаг. Эмэгтэйчүүд гормон нөхөх эмчилгээг маш сайн мэддэг. Эмэгтэйчүүдэд гормон нөхөх климен зэрэг эм байдаг бол эрчүүдэд арга бий. Шинжилгээ хийлгээд тестостероны хэмжээ багассан, өөртөө, гэр бүл, ажлынхандаа дарамттай байхаар хэмжээний ааш зангийн өөрчлөлт орсон, биед ч эр амьтны сүр сүлд нь хэтэрхий шувтарчихаад байвал тестостероныг агуулсан эмүүдийг ууж болно. Гол нь эмчийн хяналтанд зөв хэрэглэвэл эмэгтэй хүний адил залуу нас уртасна, бэлгийн чадавхи, булчин шөрмөс нь сайжирна. Давхар дасгал хийвэл ажлын чадвар сайжирна, өөртөө болон бусдад төвөгтэй байх нь гайгүй болно.
-Гоноррей, заг хүйтэн гэж ямар өвчин байдаг вэ? Ямар шинж тэмдэг илрэх үү?
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар БЗХӨ бол тархацаараа дэлхийд ханиадны дараа ордог хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг юм. Америкт 100 хүний 9 нь, Европт 100 хүний 8 нь, Африкт 100 хүнээс 25 нь, Төв Ази, Зүүн Азид арай бага өвчилсөн байх жишээтэй. Заг хүйтнийг үүсгэгч нь диплококк гэдэг нян байдаг. Гол тархах зам нь мэдээж бэлгийн зам. Эрэгтэй хүнд амархан мэдэгдэх шинж тэмдэг нь шээсний сүв нь өвдөж, улайж, идээ гарч эхэлдэг. Тэмбүү, хламид бусад өвчинтэй хамтарч хавсарч явах нь түгээмэл, хоёр гурав хоноод л илрэнэ. Сайн эмчлүүлэхгүй бол хүндэрч бүх биен дээр нь шарх гардаг. Бэлгийн замын өвчин тусахаар хүн ичихдээ эмч дээр хүртэл очихоосоо цэрвээд байдаг. Ийм тийм эм уудаг, шээсээрээ угаагаад эдгээдэг гэсэн ярианд итгээд архаг болгох эсвэл цааш нь оруулчихдаг. Дэлхийд хамгийн түгээмэл халдварын нэг учраас улсын болон хувийн эмнэлэгт маш амархан оношилно. Гол нь эмийг эмийн санчаас дур мэдэн авч болохгүй. Заг хүйтний маш олон эм байдгийн заримд нь дасалтай болчихсон эм ч байж болно.
Нууц
2021-03-12
Manai ehner bid 2 huudtei boloh ged zondool hicheelee manai ehnerin sarin temdeg ersen ued hurtel hisen ch bid 2 odoo boltol huuhedgui bga bi neg tomsogtoi bolhoor ter vm bolwuu nadaa zowolgo ogoch ???
Нууц
2021-03-12
Manai ehner bid 2 huudtei boloh ged zondool hicheelee manai ehnerin sarin temdeg ersen ued hurtel hisen ch bid 2 odoo boltol huuhedgui bga bi neg tomsogtoi bolhoor ter vm bolwuu nadaa zowolgo ogoch ???