Цаг үеийн мэдээ

   Ууланд гулгахаар очсон хүмүүс машинаа парклахгүйгээр хаа сайгүй орхидгоос болж хүүхдүүд гэмтэж байна. Уулын оройгоос хурдтай гулгаж буй хүүхдүүд чаргаа зогсоох боломжгүйгээс эрчээрээ хурдалж буй чарга бэл, хормой гээд хаа сайгүй орхисон машиныг мөргөх тохиолдол цөөнгүй. Эрчээрээ гулгаж очсон хүүхэд нүүрээрээ машин, шонгийн мод гээд зам тааралдсанаа мөргөнө. Тухайлбал, Буянт-Ухаа II хорооллын зүүн талын ууланд амралтын өдөр агаар салхинд гарч буй хүмүүс битүү байдаг. Гэвч 40 минутын хооронд л замбараагүй орхисон автомашиныг мөргөж хүүхэд бэртсэн тохиолдол 4-5 удаа гарсан юм. Эрчээрээ очиж автомашины дугуйг нүүрээрээ мөргөснөөс хамар нь гэмтэж, нүүр нь битүү цус болсон хүүхэд ч байв. Эцэг эхчүүд нь яарч сандран хүүхдээ эмнэлэг аваад явсан. Харин нь бусдын адил уулын хажуу бэлд  машинаа паркалж тавиагүйгээс болж хүүхэд гэмтэхэд хүргэсэн хүмүүс жишим ч үгүй харагдсан. 

Тиймээс хүүхдүүдээ гулгуулахаар уул руу авч яваа бол өөрийнхөө болон өрөөлийн хүүхдийн аюулгүй байдлыг бодож хүүхдийн гулгах замаас автомашинаа холдуулж, бусдын адил паркалж тавих хэрэгтэй. Хэрэв таны эргэн тойронд хувиа хичээсэн хэнэггүй нэгэн таарвал нийтээрээ шаардлага тавьж соёлд суралцуулах хэрэгтэй.

Мөн хүйтэнд хөлдсөн хуванцар чарга замын голд хагарах, юм мөргөж хүүхдийг аюулд оруулахаас гадна хүүхдүүдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явдаг хойрго томчууд ч байна. Хүүхдүүдээ машины утаагаар хордуулж, аюулд оруулж буйгаа ч ухаарахгүй байгаа нь харамсалтай. Харин чанаргүй хуванцар чарга хүүхдийг гэмтээхээс гадна мөнгө төлж авсан эд зүйлсээ нэг ч удаа ашиглаж чадахгүй хохирч буй үйлдэл юм. Ер нь хэн ч хаана ч явсан нийтийн аюулгүй байдал, эрх ашигт захирагдах учиртай. Үгүй бол өнөөдөр та, таны хүүхэд жаргалтай байсан ч өөр хэн нэгний хүүхэд бэртэх, уйлах болно. Үүнийг хэн ч хүсэхгүй нь лавтай. Тиймээс санамсар болгоомжгүй болоод хэнэггүй, залхуу хойр­гоосоо болж хэн нэгнийг битгий хохироогоорой.

Тухайлбал, хоёр машин хоорондоо мөргөлдөх, явган явж байгаад машинд мөргүүлдэг. Тэр дундаа 0-15 насны хүүхэд өдрийн болон оройн цагаар халтирах, юмнаас унах, машинд мөргүүлсэн тохиолдол цөөнгүй байдаг гэлээ. ГССҮТ-ийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс сарын хугацаанд 11740 хүн осол, гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авсны 1000 гаруй нь  халтиргаа гулгааны улмаас бэртсэн байна.

 

Таны сурталчилгаа