Монголын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэт улирлын шинж чанартай байдаг ба зуны улиралд эрэлт ихтэй байдаг бол өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг. Тиймээс энэхүү эрэлтэд нийцүүлэн үндсэн тарифыг 7, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар тус тус бууруулжээ. Нислэгийн тийзний үнэ тарифыг цаашид ч бууруулахаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд Эйр Пусан компани шууд нислэг үйлдэж байна.
Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйс компани ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд болон агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломжтой юм. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.