Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Болдын Амарбаясгалангийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Дээд шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр боллоо.
Ёслолын ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн Б.Амарбаясгаланд хандан “Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Босго өндөр, хариуцлага ихтэй албанд хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг чандлан сахиж, гагцхүү хуульд захирагдан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Шийдэл тань мэргэн байх болтугай” хэмээгээд ажлын амжилт хүсэв.
Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэр хүндтэй байгууллагад намайг угтан авч байгаа та бүхэнд хүндэтгэл илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүхийн шүүгч хэмээх нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдон тангараг өргөж, хүний эрх, эрх чөлөө шударга ёсны баталгаа болж ажиллах болсондоо баяртай байна. Өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийг дээдлэн, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдан ажиллах болно” хэмээлээ.