Цаг үеийн мэдээ

СЭТГҮҮЛЧИЙН НЭГ ӨДӨР...

            Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхлээд нэлээд хугацааг үдээд байна. Энэ улирал ханиад томууны дэгдэлтээс шалтгаалж нийслэлийн сурагчдын амралтыг  ахин 7 хоногоор сунгалаа. Харин хүүхдүүд маань өдрийг чухам юу хийж өнгөрүүлдэг юм бол доо?

            Нийслэл даяар сурагчид амарч байгаа ч тэдэнд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар үзээд өгье гэхнээ даанч үгүй. Хэдэн кино театраар ганц нэг шинэ хүүхэлдэйн кино гарч байгаа ч амралтын хугацаанд хүүхэд ганц л удаа кино театраар үйлчлүүлнэ. Тэгвэл бусад цагаа хүүхдүүд чухам юунд зориулж байгаа юм бол?  Арай нөгөө муу нэртэй луу данстай PC тоглоомын газар хүүхдүүдийн цаг нөхцөөх газар болсоор байгаа юм биш биз?

            Ийн хар төрсөн Сэтгүүлч миний бие гуравдугаар хороололд байрлах нэгэн PC-ний газраар орлоо.  Гаднаасаа чимээ анир үл мэдэгдэх уг газрын хаалгыг татаад ортол "ээ бурхан минь" хэмээн дуу алдам олон хүүхэд бужигнаж байхтай таарав.

            Олон хүүхэд бужигнаснаас болсон уу эсвэл гэрэлтүүлэг муугаас тэрүү ихэд харанхуй тохь муутай орчин угтан авлаа. Миний бие уг тоглоомын газрыг хариуцан ажиллуулж буй залууд хэрэг зоригоо хэлээд төвөг болохгүй хэсэг хугацаанд энд байхыг хүсэв. Мэдээжийн хэрэг залуу эхлээд дургүйцэж байсан ч тоглоомын газрын нэр хаягийг дурдахгүй, зургийг авахгүй байх болзолтойгоор зөвшөөрсөн юм.

            Энэ тоглоомын газар 2 том өрөөнөөс бүрдэх бөгөөд өрөө тус бүрт 20 гаруй компьютер байх ч бүгд эзэнтэй харагдана. Зарим компьютерийн ард 2-3 хүүхэд харагдах бөгөөд тоглож байгаа нэгнээ харж зогсох аж.  Энд дор хаяж 30 гаруй хүүхэд байгаа нь нүдэн баримжаагаар харагдана. Хүүхдүүдийн хажуугаар жаал холхиж энэ тэрийг сонирхтол тоглоогүй ганц нэг хүүхдүүд "энэ хэн бэ?" гэсэн байртай сэжиглэнгүй харах тул тэгсхийгээд тоглоомын газрын эзнийг бараадан дэргэдэх сандал дээр суулаа.  Энэ газар орж ирээд нэг их удаагүй ч толгой дүйрч амьсгал давхцаад ирэв. Мэдээж хэрэг энэ хоёр өрөөний цонх хэзээ ч онгойдоггүй бололтой цонхыг бүхлээр нь картон цаасаар хаажээ. Тоглоомдоо улайрсан хүүхдүүдийн хөлс цувж, халууцаж хөлөрсөн байх бөгөөд тэр гэхийн тэмдэггүй үнэр ханх тавина.

             

            Олон хүүхэд байнгын холхиж байдгаас тэрүү шалны хир шавхай дагтаршиж, ойрын өдрүүдэд алчуурын бараа хараагүй байдалтай харагдана.  Энэ тоглоомын газраар байсхийгээд л нас биед хүрсэн залуус орж ирэх бөгөөд хүүхдүүдийн дундуур дэмий холхиж байгаад гарах юм. Тэд тоглох гэж орж ирж байна уу эсвэл өөр зорилготой орж ирж байгаа эсэх нь үл ойлгогдом. 

            Ариун цэвэр, агааржуулалт, аюулгүй байдал хэмээх үгс энэ газартай үл зохицом хол сонсогдоно.

ХҮҮХДҮҮДИЙН МААНЬ ХҮҮХЭД НАСЫГ ЦАХИМ ТОГЛООМ ХУЛГАЙЛЧИХАЖ

            Тиймээ, энэ тоглоомын газарт тоглох хүүхдүүдийн амнаас насандаа тохирсон "хөөрхөн" үгс унагах хүүхэдтэй харамсалтай нь таарсангүй. Тэнд ойролцоогоор 11-15 насны хүүхдүүд 3-4 насанд хүрсэн залуус байсан. За тэр насанд хүрэгчид дүүрч гэхэд балчирхан үрсийн амнаас "пизда, лалар" гэх хараалын үгс сул асгарч, "буудаач, алаач, хутгалаач " хэмээх үгс амны уншлага нь болж чих дүйртэл аймшигт үгсээр хашгиралдана.  Хамгийн эмгэнэлтэй нь 10 гаруй насны жижигхэн биетэй бор хүү тоглож байгаа найздаа "наадах чинь араас нь чинь хошногодлоо ш дээ" хэмээн хэлээд чанга чанга инээх юм.  Хэлсэн үгнийхээ утгыг мэдэх насанд хүрээгүй энэ хүүгээ эцэг эх нь юу хийж явааг мэдэж байгаа болов уу? Тэнд 14-15 орчим насны хоёр охин байсан бөгөөд тэдний амнаас мөн адил "алаач, буудаач" гэх үгс урсаж байлаа.

            Энэ хугацаанд тоглоомын газрыг ажиллуулагч залуугаас ганц хоёр зүйл тодрууллаа.

            PC тоглоомын газрууд өглөө 10.00 цагт онгойдог бөгөөд хүүхдүүд бараг нээгдэхийг нь хүлээгээд зогсож байдаг аж.  Зарим хүүхдүүд өглөөнөөс авахуулаад тасралтгүй тоглосоор орой 20.00 цагт хаахад гардаг хүүхэд ч байдаг гэх.

- "Чи эдгээр хүүхдүүдэд одоо болно, завсарла, эртхэн харь гэх мэт шаардлага тавьдаг уу?" хэмээн асуухад тэрээр "аав ээжийнхээ үгийг авахгүй хүүхдүүд юу гэж миний үгэнд орох юм бэ" гэж хариулсан. Мөн тэрээр "Хүүхдүүдээ хайж ирсэн эцэг эхчүүдийн дийлэнх нь бидэнд уурлаж омогддог. Гэтэл бид ямар буруутай юм бэ? Бид ямар хүүхдүүдийг нь гэрээс нь хөтлөөд энд аваад ирсэн биш. Өөрсдөө хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй ш д" гэв. Бараг л үнэний ортой үг.  Тэрээр үргэлжлүүлэн "Манайд олон жил тоглож байгаа хүүхдүүд зөндөө байна. Зарим нь бүр эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд үргэлжлүүлээд тоглох хүүхдүүд ч бий " гэсэн юм.

PC ТОГЛООМЫН ГАЗРААР ӨДӨРТ 150.000 ОРЧИМ ХҮҮХЭД ҮЙЛЧЛҮҮЛДЭГ

            Би энэ тоглоомын газарт 4 цаг гаруй суусан. Харин энэ 4 цагийн турш энэ газарт хүүхдүүд нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.  Судалгаанаас үзэхэд цахим тоглоомын газраар өдөрт 150 орчим мянган хүүхэд, залуус үйлчлүүлдэг аж. Нэг хүн өдөрт нэг цагийн үйлчилгээг 800 төгрөгөөр авдаг гэж тооцвол даруй 120 сая төгрөг эргэлддэг гэсэн үг. Хүүхдүүдээр дамжуулж мөнгө хийж буй энэ мэт газрууд эргээд хүүхдүүдийг гэмт хэргийн золиос болгоход том нөлөө үзүүлж байна.

PC тоглоомын газарт хүүхдүүд гар утас, эд зүйлсээ алдах, бусдыг дээрэмдэх, залилан мэхлэх, бусдын эрх чөлөөнд халдах, тоглохын эрх авахын тулд хулгай хийх  зэрэг хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг гэдгийг Албаны хүмүүс хэлж байна.

Жишээ 1. У гэгч хүү цахим тоглоомд улайран анхаарал сэрэмжгүй байхдаа үнэтэй гар утсаа алджээ. Хүү эцэг эхээсээ айхдаа 3 хоног тоглоомын газарт бүгсэн.

Жишээ 2. Өнгөрөгч оны 11  дүгээр сард сураггүй алга болсон 9 настай хүү 20 хоног цахим тоглоомын газраар хэсэж, хоног төөрүүлснийг мэдээгүй эцэг эх хүүхдээ орон даяар хайсан.

Жишээ 3. Өнгөрөгч онд 7 дугаар ангийн гурван хүүхэд тоглоомноос болж маргалдсаны улмаас зодолдож нэгнээ хөнгөн бэртээсэн.

Жишээ 4.  9 настай Ж /эрэгтэй/ тоглоомын мөнгө олохын тулд дэлгүүрээс хүнсний зүйлс хулгайлж байгаад баригдсан.

Энэ мэт жишээ олныг дурдаж болох бөгөөд тоглоом тоглохын тулд эцэг эх, ах эгчийнхээ халааснаас хэдэн төгрөг хулгайлах хүүхдүүдийн тоо маш олон.

ЦАХИМ ТОГЛООМЫН ДОНТОЛТ АНХААРАЛ ХАЛАМЖААР ЭДГЭДЭГ "ӨВЧИН"

            Сүүлийн таван жилийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд дэлгэцийн донтолтын улмаас нийт 338 хүүхэд эмчлүүлсэн тоон мэдээлэл байдаг аж. Эцэг эхчүүд цахим тоглоомд донтсон хүүхдээ шархадны эмнэлэгт хэвтүүлэх ч үргэлжлүүлэн анхаарал хандуулаагүйн улмаас эргээд PC тоглоомдоо автаж, архаг өвчтөн болдог байна. Донтох өвчин хүндэрсэн хүүхэд гарт тааралдсанаа маус болгон ашиглаж РС тоглож байгаа мэт дүрслэл үзүүлж, унтахгүй 2-3 хонох ч тохиолдол бий гэнэ. Үүнээс болж тархинд нь харвалт өгч байсан явдал ч бий аж. Улсын хэмжээнд 400 гаруй цахим тоглоомын газар зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаагаас 290 орчим нь нийслэл хотод байдаг аж.  

            Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хайртай үрсээ цахим "хархны" дайралтаас хамгаалагтун. Та бидний хүүхдүүд аливаа зүйлд автаж байгаа нь бусдын биш бидний л буруу гэдгийг ухаараарай. Дэлхий нийтээр цахимжиж байгаа энэ нийгэм үр хүүхдүүдийн минь тархийг биднээс булаах гэж улам ихээр хичээх болно.

 

 

Таны сурталчилгаа