Цаг үеийн мэдээ

         Манай улсын нийт газар нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсон, 50 орчим хувьд нь зудын эрсдэл өндөр гэсэн үнэлгээг гаргажээ. Өвөл харьцангуй дулаан, хур тунадас багатай байгаагаас шалтгаалан унасан уруудсан мал цөөн байгаа ч энэ янзаараа үргэлжилвэл хаваржилт хүндэрч болзошгүй байна.

         Улсын онцгой комиссын хурал 11-р сард болоход өвөлжилт хүндэрсэн зургаан аймгийн 35 сум зудын эрсдэлтэй гэсэн үнэлгээг хийсэн. Газрын гарц зун нь муу байснаас шалтгаалан малын тарга, тэвээрэг хожуу авсан, говийн аймгуудаар өвс ногоо ургаагүй шалтгаанаар хаваржилт хүндэрч болзошгүй байна.

          2019 онд малын тоо толгой 70 сая, хонин толгойд шилжүүлбэл 110 сая давсан. Гэхдээ зарим нутаг хаваржилт хүндрэхээс урьтаж харьцангуй сайн өвс тэжээл авчээ. Харин аймаг орон нутаг тэжээл бэлтгэл нийт дүнгээр 60 хувь хүрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэнэ. Ахмад, чамбай малчид тарга тэвээрэг алдуулахгүйн тулд өвөл тэжээлд оруулж, хаврын хавсаргыг давахаар ажиллаж байгаа. Онцгой байдлын байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж тайлбарлалаа.

          Эхний ээлжид сум орон нутаг, дараа нь аймаг, бүр хүндэрвэл засгийн газрын шийдвэрээр улсын нөөцөөс дэмжлэг үзүүлнэ. 11-р сард улсын онцгой комиссоос хүндэрч эхэлсэн газруудад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгосон нь хорогдолгүй он гарахад тус болсон гэж байна. Хаврын уртад малчдын бэлтгэх, орон нутгийн бодлого нэн түрүүнд шаардлагатай болж байгаа юм.

Таны сурталчилгаа