Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:
1.1.анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх;
1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх;
1.3.суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;
1.4.татварын тайлантай холбоотой баримт, мэдээллийг гадаад хэл дээр үйлдсэн бол монгол хэл дээр орчуулах бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцах;
1.5.татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах;
1.6.татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх.
2.Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.
3.Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа долоо хоног бүрийн Бямба, Ням гараг, нийтээр тэмдэглэх баярын өдөртэй давхацсан тохиолдолд түүний өмнөх ажлын өдөр нь татвар төлөх, тайлагнах эцсийн өдөр байна.
4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шаардлагатай тохиолдолд тайлан хүлээн авах хугацааг 7 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болох бөгөөд энэ тухайгаа олон нийтэд урьдчилан мэдэгдэнэ.
5.Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
6.Татварын тайланд эрх бүхий албан тушаалтан, татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, уг тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд гарын үсэг зурна.
7.Цахим хэлбэрээр татварын албанд илгээсэн татварын тайланг цахим гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд баталгаажуулаагүй тохиолдолд цаасан хэлбэрээр тушаана.
8.Цахим баримтыг тодорхойлох, түүнд тавих шаардлагыг тогтоох, цахим баримтыг хадгалах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.