2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 912,361 аккаунт эзэмшигчид иргэдийн мэдээллийг холбогдох хууль журмын дагуу хянах ажиллагаа хийгдэж байна. Буцаан олголт эхний улиралд олгогдох юм. 1-р сарын 25-нд энэ онд олгогдох буцаан олголтын санхүүжилтийн саналыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд Сангийн яам санхүүжилтийг шийдсэнээр буцаан олголт орж эхлэх юм. Буцаан олголт авах татвар төлөгч иргэддээ анхааруулахад таны цахим төлбөрийн баримтын системийн "миний бүртгэл" хэсэгт байгаа мэдээлэл буцаан олголт авах харилцах банкны мэдээлэлтэй таарч байвал буцаан олголт шууд олгогдох болно. Одоогийн байдлаар капитал банкны данс бүртгүүлсэн 135 татвар төлөгч иргэн байна. Эдгээр хүмүүс 1-р сарын 22-ны дотор өөрийн нэр дээр байгаа одоо идэвхитэй байгаа ашиглагдаж байгаа дансны мэдээллээр солих шаардлагатай.
Мөн энэ онд 14-17 насны 6000 гаруй хүүхэд буцаан олголт авахаар байгаа юм. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хувьд хамтран эзэмшигчтэй данс бол буцаан олголт орохгүй гэдгийг сануулж байна.
УИХ-аас татварын багц хууль, түүнийг дагаж мөрдөх зарим хуулинд өөрчлөлт орсноор НӨАТ-ийн 2020 оны буцаан олголтыг улирал бүр олгох болж 1-р улиралын буцаан олголтыг 2-р улиралд багтаан олгохоор болсон байна. Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнгөрсөн ням гарагт явагдсан. Тохиролд 2019 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 29,340,384 баримтыг хамруулжээ. Сугалаагаар 30 мянган төгрөгийн азтан 26,370, зуун мянган төгрөгийн азтан 2,667, Нэг сая төгрөгийн азтан 232, таван сая төгрөгийн азтан 25, арван сая төгрөгийн азтан 6, тавин сая төгрөгийн азтан 0, Супер шагналын тохирлын дугаар: 40218344 байж супер азтан тодроогүй байна.