Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МЭНД 8/20” зорилт, ЭМС-ын 2019 оны А/327 тоот тушаал буюу “Тэмбүүг устгая”, мөн аймгийн Засаг даргын “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх 2 дахь шатны цогц,үзлэг оношилгоо Сайхан сумын Хөтөл тосгонд 1-р сарын 16-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачилгаар амжилттай хэрэгжиж байгаа эрт илрүүлгийн цогц, үзлэг нь аймагтаа эрэлт хэрэгцээ ихтэй төрийн үйлчилгээний нэг болж ирсэн. Үзлэгийн баг хамт олны хувьд эрэлт ихтэй тус арга хэмжээг орон нутагт зохион байгуулахдаа хүн амын байдлаас хамаарч 3-4 хоног үргэлжлүүлэн явуулдаг. Дээрх аяныг хэрэгжүүлэхэд Сэлэнгэ аймаг өөрийн аймгийн туршлага, үйл ажиллагаатай хамтатгаж илрүүлэг үзлэгийг өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд зохион байгуулахдаа нийт 7 удаагийн үзлэгт 7942 иргэнийг хамруулж, Сүрьеэ болон БЗДХ-ын шинжилгээнд эрүүл мэндийг нь хянаж үйлчилжээ.
Эрт илрүүлгийн үзлэгт Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар зэрэг улсын болон аймаг, сумын эрүүл мэндийн салбарт туршлага, мэдлэг хуримтлуулж яваа олон эмч, мэргэжилтнүүд томилон ажлуулдаг тул иргэдийн үзлэгт хамрагдах хувь сайн байдаг байна. Сайхан сумын Хөтөл тосгонд явагдсан эрт илрүүлгийн үзлэгт нийт 2260 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж, мэдээллээ цахим санд баталгаажуулсан байна.