Цаг үеийн мэдээ

        Эдийн засгийн бодлого, өрсөлдөх, чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 8 дахь жилдээ тодорхойллоо. Тодруулбал Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсч байгаа гэдгийг тодорхойлсон байна.  Судалгааг германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялагийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар ирсэн. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл, санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байж бусад аймгуудыг харьцуулдаг. Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгджээ.

            Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн 4 бүлгээр эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, Засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад Дорноговь, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадварын оноогоо 10 болон 3-аар нэмэгдүүлсэн байна. Дархан-уул аймаг өнгөрсөн жил 2-рт байсан бол энэ жил 4т эрэмбэлэгдсэн. Энэ нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашгийн үзүүлэлтүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ.

            Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн оноо өссөн байна. Дорноговь аймгийн хувьд худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан, тохижилтийн ажлууд хийгдсэн, гэмт хэрэг буурсан, түгээлтийн сүлжээ сайжирсан. Ховд аймаг төсвийн тэнцэл, төсвийн удирдлага ил тод байдал сайжирсан нь засаглалын үр ашиг сайжирхад нөлөөлжээ. Дорнод аймагт холбооны салбарын орлого нэмэгдсэн, компаниудын зохицох чадвар сайжирсан, бүтээн байгуулалт засвар үйлчилгээ нэмэгдсэн байна. Баян-Өлгий аймагт 4 бүлэг оноо буурсан нь аж үйлдвэрийн салбарын борлуулалт, шатахууны үнэ өссөн, төр хувийн хэвшлийн түншлэл муудсан, тендер, авилга, хээл хахууль нэмэгдсэн. Төв аймаг дулаан халаалтын үнэ нэмэгдсэн, аж үйлдвэрийн барилгын салбарын хөгжил, эдийн засгийн төрөлжилт муудсан байна. Сэлэнгэ аймаг төсвийн тэнцэл, барилгын ажил буурсан, аж үйлдвэрийн салбарын борлуулалтын ДНБ-д эзлэх хувь буурсан, амьдралын чанар муудсан гэсэн үзүүлэлттэй байгаа юм.

Таны сурталчилгаа