Цаг үеийн мэдээ

 Шинж тэмдэг нь юу вэ?

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр халуурах, ханиах, амьсгал давчдах, амьсгалахад төвөгтэй байх зэрэг шинжүүд илэрдэг байна. Илүү хүндэрсэн тохиолдолд уушгины үрэвсэл, хатгаа болж, бөөрний дутагдал, бүр цаашлаад амь насаа алдаж байгаа юм. Өвчний далд үе нь одоогоор тодорхойгүй, ойролцоогоор 10-14 хоног байж болзошгүй байна.

⚠️ Хэр аюултай вэ?

Зарим шинжээчдийн хувьд өмнө олон улсад бүртгэгдэж байсан SARS мэтийн аймшигт коронавирустай харьцуулахад үхлийн аюул нь харьцангуй бага гэж тайлбарлаж байна. Эргэн сануулахад Хятад улсаас гаралтай SARS коронавирус нь 2002-2003 онд дэлхийн хэмжээнд тархаж, 800 орчим хүн амь насаа алдаж байсан билээ.

⚠️ Халдварын тохиолдлууд хаана ихэвчлэн гарч байна вэ?

Хятад улсад. 1 сарын 24 буюу өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубей мужийн нийслэл Вүхан (Ухань) хотод хамгийн багаар л бодоход 26 хүн нас баржээ. Нийт бүртгэгдээд буй 900 орчим халдварын тохиолдлын дийлэнх нь мөн л Ухань хотод байгаа юм. Бусад улсууд гэвэл Тайландад 4, Сингапурт 3, Японд 2, Өмнөд Солонгос, Тайвань, АНУ зэрэг улсуудад тус бүр 1 тохиолдол бүртгэгдээд байна.

⚠️ Халдварын тархалтыг зогсоохын тулд юу хийж байна вэ?

Энэ шинэ вирусын эсрэг ямар нэг вакцин байхгүй. Одоогийн байдлаар Ухань хотод албаны хүмүүс хөл хорио тогтоож, хотоос гарч орох нислэгүүд, галт тэрэгний үйлчилгээг бүрэн зогсоох, хязгаарлах арга хэмжээг авч байна. Хятад улсын 1.4 тэрбум хүний дийлэнх нь Цагаан сарын баяраараа орон нутаг хоорондын тээврийг идэвхжүүлдэг учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд хэрэгжиж эхлээд байна. Ази тивийн ихэнх улсууд Хятадын Хубей мужийн Ухань хотоос ирж буй нислэгүүдийн зорчигчдыг шалгаж, тусгаарлаж байгаа юм.

⚠️ Вирус хаанаас үүсэлтэй вэ?

Хятадын албаны хүмүүсийн хэлж буйгаар Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг захаас өвчин үүссэн байх магадлалтай байна. Тухайлбал могойноос дээрхи шинэ төрлийн вирус халдварласан хэмээн эрдэмтэд тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн амьтнаас хүнд, хүнээс хүнд дамжин тархаж байгаа тул өвчтнийг эмчлэх гэж байсан эмнэлгийн салбарын 15 ажилтан ч халдвар аваад байна.

Бэлтгэсэн: Д.Жаргалсайхан

Таны сурталчилгаа