Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл өнөөдөр ХӨСҮТ–ийн үйл ажиллагаатай танилцлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь шинээр 50 ортой тасаг бэлэн байдалд оруулжээ. Тус тасаг нь хананаасаа хүчил төрөгчийн хангамжтай бөгөөд хэрвээ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, өвчтөн ирсэн тохиолдолд бусад өвчтнүүдтэйгээ холилдуулахгүйгээр, гаднаасаа шууд оруулан, тусгаарлахаар зориулагджээ. Мөн мэргэжлийн байгууллагууд хилийн нэвтрэх цэг дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд зөөврийн рентген аппаратны хэрэгцээ маш их байгаа талаар албаныхан хэлж байв.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн дарга н.Пунсаг хэлэхдээ "ХӨСҮТ маань өөрөө сүрьеэгийн илрүүлэлт дээр орон нутагт явдаг. Манайд давхар явуулын дижитал аппарат болон зөөврийн эхо хэрэгтэй байгаа" гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Зөөврийн рентген аппаратын асуудлыг бид ДЭМБ-д тавьсан бөгөөд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тавыг авахаар болсон нь дүүргүүд болон зөөврийн рентген байхгүй орон нутгуудад хуваарилахаар шийдвэрлэсэн” гэлээ.
Харин зөөврийн эхоны хувьд Даваа гарагт шийдэж өгөх"-өө илэрхийлсэн юм.