Монголд анх удаа “Дэлхийн санхүүгийн музей” хэмээх ховор сонирхолтой музей нээсэн эрхэм бол эдийн засагч Ө.Ганзориг билээ. Их сургуулиудад лекц уншиж, цагийн багш хийдэг байсан тэрээр эдийн засгийн ухааныг хүмүүст хялбараар ойлгуулахын тулд музейгээ нээсэн хэмээн тайлбарладаг юм билээ. 300 кг жинтэй хаалганаасаа авахуулаад анхаарал татах зүйлс арвин түүний музейд Хубилай хааны гаргаж байсан “Чао” нэртэй цаасан мөнгө байдаг бөгөөд энэ нь мөнгө дэлхий даяар цөөн хэдхэн ширхэг хадгалагдаж байдаг аж. Энэ мөнгө үндэстэн даяар өдөр тутмын гүйлгээнд анх хэрэглэгдсэн, ард иргэдийн хэрэглээнд нэвтэрч чадсан мөнгө юм байна.
Мөн дэлхий дахинд дөрөвхөн ширхэг үлдсэн анхны хувьцаа, 2750 жилийн өмнөх дэлхийн анхны зоосон мөнгө, дэлхийн анхны бөгөөд 500 гаруй жилийн настай даатгалын сурах бичиг зэрэг олон ховор үзмэрүүдийг түүний музейгээс үзэх боломжтой юм.
Үүнээс гадна 2200 жилийн өмнөх Ромын шилэн эдлэлүүд, 2400 жилийн өмнөх Грекийн шилэн ваар, 3000 жилийн өмнөх Иран жадны үзүүр гээд ховор эдийг энэ эрхэм цуглуулж чаджээ. Тэрээр музейн үзмэрийг үзэхийн сацуу санхүүгийн чиглэлээр сурч буй оюутнууд диплом курсын ажлаа хийх гэж музейд нь цугладаг байгаасай гэсэн чин хүсэлтэй аж. Түүний бичсэн “Дэлхийн санхүүгийн философи” номыг уншиж ойлгоход хялбар ном гэж хүмүүс дүгнэдэг юм билээ.