Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна.
"Монгол Улс 2005 онд гарсан олон улсын эрүүл мэндийн дүрмийг дагаж мөрддөг. Ямар нэгэн халдварт өвчнийг тухайн өвчлөл гарсан газраар бүртгэдэг. Тиймээс үүнийг бол Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэсэн хэмээн ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.