Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төв хотуудын /Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна. Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ өссөнөөс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болж, хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олгон, зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгожээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байдаг. Түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх болсон. Аймгийн төвүүдийг хот байсныг болиулаад сум болгосон нь аймгийн төвийн газаргүй сумдуудыг бий болгосон. Өнөөдрийн байдлаар маргаан бүхий 12 сум, 12 аймаг байгаа. Цаашид хот болгож явах нь зүйтэй гэсэн саналыг боловсруулаад барилга хот байгуулалтын яаманд санал оруулсан ч дэмжигдээгүй явж байгааг хэлсэн юм. Асуудал болоод байгаа зүйл нь иргэнийг нь бүртгэж авч болдоггүй, эд хөрөнгийг нь бүртгэж болохгүй гацаанд орж байгаа учир шийдэх хэрэгтэй байна.