Мөнгөлөг цагаан хайрстай, Сайн чанарын амтлаг махтайгаараа алдартай. дархадын цагаан загас нь омуль загастай төрөл юм. Цагаан загас нь 4-5 дахь жилээсээ үржилд орох чадвартай болдог. Хөвөгч ба усны ёроолын амьтдаар хооллоно. Төлөвлөгөөт эдийн засгийн үед агнуурын мэргэжлийн цөөн тооны загасчин жилд 100 тонн загас барьдаг байжээ. Нэг тор тавихад 2-11 тонн баригддаг тийм их нөөцтэй байсан билээ. Одоо гурван өдөр тор тавихад хэдхэн ширхэг загас л баригддаг болжээ. Ашиг хонжоо хайсан тор тавигсдаас гадна Дархадын нууруудад Хар галуу гэх загасаар хооллодог шувуу ихэссэнээс болж үржлийн үедээ байгаа цагаан загасыг 30-90 тонноор идэж байгаа нь энэхүү загас устаж үгүй болоход нөлөөлж байгаа аж. Цагаан загасны махны 19 хувийг уураг, 28 хувийг өөх тос, 5 хувийг эрдэс бодис эзэлдэг. Хавар намрын улиралд амин дэмийн дутагдал нөхөх, сульдаж ядрах, эмэгтэйчүүдийн өвчин, шээс хязгаарлагдах, усан хаван гүйсэн үед цагаан загасаар шөл хийж уун махыг чанаж идэх нь нэн тустай ажээ.
Оросын худалдаачид 1860-аад оны үед цагаан загас олборлож Орост гаргаж байснаас гадна Манжуур, Мүгдэнд хүртэл худалдан борлуулдаг байсан мэдээ байдаг. Хаант Оросын хоёрдугаар Николай хаан жилд 400-гаад пүү цагаан загасыг захиалан авч, өглөөнийхөө зоогт хэрэглэдэг байсан тухай академич Майский бичсэн бол Польшийн эрдэмтэн Ф.Оссендовски 1922 онд хэвлүүлсэн “Хүн, араатан, бурхад” гэдэг номондоо “Баатар Цагааны хааны зоогийн ширээ дээр онцгой зочинд зориулан тавьдаг байсан цагаан загас өөх ихтэй, мах нь зөөлөн амттай, түрсээрээ их алдартай хэмээн” дурссан байдаг.