Цаг үеийн мэдээ

/Домог/

       Ш.Юнгэрэн гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт төрж өссөн хүн.Тэднийх Шаргын говьд байдаг цорын ганц Баянбүрд болох газар буюу одоогийн Ээвийн буудал хэмээх тээвэрчдийн буурчийн газраас 80-аад км-ийн зайтай нутагладаг байжээ.Тэнд нь Нялхсын шанд нэртэй жижигхэн булаг байгаад 1950-иад оны эхээр бузартсаны улмаас ширгэж алга болсон учраас айл амьтан нутаглах нь бүү хэл алдуул зуугуул тэмээ мал ч харагдахаа больжээ. 1940 оны хаврын адаг сарын үеэр 16 настай Юнгэрэн хүү хэдэн ботго, тормоо услахаар Нялхсын шанд дээр очжээ. Нэлээд орой болчихсон байсан юм байх. Малаа услаад дуусах үест цагаан гэгээ тасран бүрий болж байжээ. Гэнэтхэн хүүхэд часхийтэл уйлах шиг болоход эргээд хартал нүцгэн хүүхэд булгийн эхэн дээр уйлчихсан сууж байх нь тэр.

      Нас бага цус шингэн байсан болоод ч тэр үү гэнэн зан гаргаад гайхасхийн дөхөж очтол нь булаг руу мөлхөөд орчихжээ. Гайхаад ч барсангүй. Булаг сайндаа л морины туурай дөнгөж далд орохоор устай байдаг.Тэгээд зөн совингоороо «чөтгөр» гэсэн айдаст автаад хэдэн тормоо булаг дээр хаячихаад Солжир хүрэн атныхаа хар гүйхээр гэртээ очоод ухаан алдан ойчжээ.Тун ч удалгүй ухаан орж бие сэтгэл нь тайвширснаар үзсэн харснаа эцэг, эхдээ өчихөд нь хар багадаа Дарвийн хүрээнд шавилан сууж байгаад хар болсон эцэг Ширнэн нь «Миний хүү, битгий ай.Тэр чинь буг чөтгөр биш.Лусын эзний хүүхэд байгаа юм. Тэгээд л Нялхсын шанд гэж нэрлэсэн юм гэнэ лээ.Чи буянтай юм. Лусын эзэн хүүг үзсэн харсан хүнийг би л лав мэдэхгүй юмдаг» гэж хэлээд тайвшруулж ном уншиж арцаар ариулж өгчээ. Тэгээд маргааш нь харуй бүрий болохоос өмнөхөн булаг дээр очиж лусын эзэн хүүг аргадан тахихаар болжээ. Энэ газрын лусын эзэн нь нялх хүүхэд учраас амт, шимттэй зүйлээр дайлна гээд Юнгэрэнгийн дүү нараас ч харамлан хадганд боогоод нуучихсан байсан зангидсан гарын чинээ домбон ёотонгоо баахан ааруул хурууд, хөөрүүлсэн сүүтэй хамт булгийн дэргэд аваачин тавиад ном уншиж хиншүү гаргаад явжээ. Юнгэрэн маргааш өглөө нь хүүхэд зангаараа сониучирхан булаг дээр явж очтол өмнөх оройных нь орхисон идээ будаа ор сураггүй алга болсон байжээ. Түүнээс хойш орой бүр идээ будаа аваачиж орхичихоод буцахдаа эргэж харахад мөнөөхөн нүцгэн хүүгийн «ход, ход» инээх дуу сонсогдох болжээ.Эргээд очиход алга болчихсон байдаг байв.

        Энэ цагаас эхлэн амьжиргааны цөөн хэдэн малтай байсан Ширнэн гуайн мал, сүрэг өсөн үржсээр мянгат малчин болж Х.Чойбалсангийн гарын үсэгтэй үнэмлэх бичиг, арван хоёр жил тойруулан сийлбэрлэж мөнгөөр бөгжилсөн модон хувин зэргээр шагнуулжээ.Жилийн дөрвөн улирлын турш Нялхсын шандыг тойрон ганц гэрээр зожигхон нутагладаг Ширнэн гуайнх Лусын эзэн «хүүг» хүнс хоолоор тасалсангүй.

Юнгэрэн хүү ч насанд хүрсэн учраас цэрэгт явж 1945 оны чөлөөлөх дайнд орж Жанчхүүг даван байлдсаны учир «Бид ялав», «Цусан гавъяаны одон»-гоор энгэрээ цоолжээ.Энэ хооронд аав нь өөд болсон аж.Цэргээс халагдаад гэртээ очиход нь Нялхсын шанд нь ширгэчихсэн байжээ.Ээж, дүү нараасаа булаг нь яагаад ширгэж хатсан болохыг асуухад «Аймгийн төлөөлөгч «ногоон» Гүрсэд гээч нөхөр хамрынхаа цусыг угааснаар сарын дотор ширгэж үгүй болсон» гэжээ.Ш.Юнгэрэн Нялхсын шанд дээрээ очоод идээ будаа өргөн тахисан авч мөнөөхөн лусын эзэн хүү гарч ирсэнгүй.Тэгээд тэндээсээ арга буюу хүн малд ундны усгүй болсон учраас дайжин нүүжээ.Харин рашаан булгийг бузарласан «ногоон» Гүрсэд гэгч Улаанбаатар шилжихээр гэр бараагаа ачаалж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт машинтайгаа осолд орон голомтоороо сүйрчээ.Харин өөрөө амьд үлдсэн авч хэвтэрт байсаар өөд болсон гэнэ.

Одоо Говь-Алтайн Шарга суманд уг булгийн нэрийг мэддэг ч хүн байхгүй болсон гэнэ.Ш.Юнгэрэн гуай ярианыхаа төгсгөлд «Надад лусын эзэн хүүгийн булбарай бие, гялалзсан хар нүд одоо ч гэсэн харагддаг юм» гэж хэлсэн билээ.

Ийнхүү ухвар мөчид нүгэлт нэгнээс болж хөөрхөн хүү эзэнтэй Лусыг бузарлан, хэзээ ч нөхөж барамгүй хохирол учруулжээ.

Таны сурталчилгаа