Цаг үеийн мэдээ

Эхийн хэвлийд байгаа хүүхдийн тулгуур эрхтэнүүд нь 4-5 дахь долоо хоногтойгоос нь үүсэж эхэлдэг ч төрсний дараа, хөлд орсон үед нь бойжиж гүйцдэг юм байна. Энэ хугацааны ямар ч шатанд нь согог гарч болно. Согог бий болсон үед холбогч эдийн хөгжилд гэмтэл гарч үеийн хэт хөдөлгөөнтэй байдал нь холбогч эдийн сул байдалтай хавсарна. Иймд түнхний мултрал гэж хар ярианд яригддаг онош нь дотроо илүү нарийн зүйл байдаг ажээ. Түнхний үений дисплази нь дотроо мултралын өмнөх ,хагас мултрал , ба мултрал гэсэн гурван янз байдаг.

Шалтгаан

Түнхний мултрал гэдэг нь үеийг бүрдүүлэгч элементүүд нь гүйцэд боловсроогүйгээс үүдэлтэй. Энэ нь холбогч эдийг үүсэхэд бий болсон анхдагч гажигтай холбоотой байж болдог. Эх, эсвэл ойрын төрлийн хүмүүсийн дунд төрөлхийн түнхний мултралтай хүн байгаа бол эрсдэл нэмэгдэнэ.

Эмэгтэй хүүхдэд эрэгтэй хүүхдээс тав дахин илүү тохиолддог. Мөн хэвлийд хүүхдийн аарцаг нь түрүүлэх байрлалтай байгаа үед илүү тохиолддог байна. Ийм байрлалтай үед үенүүдийн, ялангуяа түнхний үеийн хөдөлгөөн багасдаг. Гэтэл үеийн хэвийн хөгжихийн тулд үе нь өөрийн боломжинд тохирсон хөдөлгөөнтэй байх ёстой байдаг аж.

Мөн жин багатай /2500 граммаас бага/ нярайд ажиглагдах нь цөөнгүй. Ургийн жин бага байна гэдэг нь гол төлөв булчингийн эд бага байна гэсэн үг бөгөөд энэ нь үеийг буруу хөгжих магадлалыг нь нэмэгдүүлж байгаа хэрэг.

Мөн хүүхдийн хэвлий дэх хөдөлгөөнийг багасгах нөлөө үзүүлж болзошгүй эхийн эмэгтэйчүүдийн өвчин нь эрсдлийн хүчин зүйл болж болзошгүй.

Шинж тэмдэг

Түнхний мултралын үед хэдий чинээ эрт илрүүлж арга хэмжээ авах тусам үр дүн нь сайн байна. Иймд амаржих газар нарийн үзлэг хийх явцад эмгэгийг илрүүлэх боломжтой. Түнхний мултралтай байж болзошгүй гэсэн сэжиг байх төдийд л хүүхдийг амаржих газраас гарсан даруйд нь ортопед /тулгуур эрхтэний/ эмчид үзүүлэх ёстой. Үүний дараа хэсгийн эмч нь хүүхдийг 1 сартайд нь, гурван сартайд нь, 6 сартайд нь, нэг ойтоод нь үзнэ.

Эмчид үзүүлэхээс өмнө эцэг, эхчүүд өөрсдөө анхааралтай ажиглавал түнхний мултралыг шинж тэмдэгийг анзаарах боломжтой /нэг талыг мултралтай үед/.

Эдгээрт:

– нэг хөл нь богино

– гуян дээр нэмэлт нугалаас гарсан

– өгзөгний нугалаас болон өгзөг нь тэгш хэмгүй

– гуяыг идэвхгүйгээр салгахад хязгаарлал үүсэх. Үүний тулд хүүхдийн дээш нь харуулан хэвтүүлээд хоёр хөлийг нь өвдөг болон түнхний үеэр нь нугалаад аажуухан, зөөлөн хоёр тийш нь салгана. Ингэхэд гэмтсэн үетэй тал нь хөдөлгөөн нь хязгаарлагдмал байна.

Оношлогоо

Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед ортопед эмчид цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийгээд шаардлагатай гэж үзвэл түнхний үений хэт авиад харуулах заал хийнэ /эхо/. Мөн түнхний үений рентген зураг авахуулах заалт өгч болно. Улмар үнэхээр түнхний мултралт байна уу үгүй юу гэдгийг зөвхөн мэргэжлийн эмч дээрх шинжилгээг үндэслэн хийнэ. Элдэв бариач, үзмэрчээр явж цаг алдах хэрэггүй.

Эмчилгээ

Түнхний төрөлхийн мултралын эмчилгээ хэдий чинээ эрт эхэлнэ үр дүн нь сайн байх магадлал төдий чинээ сайн. Түнхний мултралын үед бүх эмчилгээг зөвхөн эмчийн заалтын дагуу хийнэ.

Хүүхдэд түнхний мултрал байж болзошгүй байсан ч оношлогдоогүй бол мултралтаас сэргийлэхийн тулд хоёр хөлийнх нь завсар жижиг дэр, эсвэл хуйлсан даавуу хийж өлгийдэх, эсвэл огт өлгийдэхгүй байх аргыг хэрэглэдэг. Ингэснээрээ хөлийг дунд чөмөгний толгой нь түнхэнд хэвийн байрлалтай байлгах нөхцлийг хангаж өгнө. Африк, Солонгос, Вьетнам зэрэг хүүхдийг сул, эсвэл огт өлгийддэггүй орнуудад түнхний төрөлхийн мултрал нь тун цөөн таардаг нь үүнтэй холбоотой байх.

Харин түнхний мултралтай нь нотлогдсон бол эмчилгээг цаг алдалгүй эхэлнэ. Мултралын эмчилгээ нь харьцангуй удаан хугацааны, цогц арга хэмжээ байдаг. Мултралын зэрэг, хүнд хөнгөнөөс шалтгаалаад мэргэжлийн эмчийн зааврын дагуу чөлөөтэй өлгийдэх, тусгай иллэг хийх, тусгай холдуулагч чиг ашиглах, гипсдэх зэрэг олон аргыг ашигладаг.

Энэ бүх эмчилгээ нь түнх ба дунд чөмөгний толгойн гэсэн үеийн бүх элементүүдийг хэвийн хөгжихөд нь хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Ямар аргыг, ямар үед хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч л заах эрхтэйг анхаараарай.

 

Таны сурталчилгаа