Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг шинэ коронавирусийн халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, тасагт орж ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан байна. Мөн нэмэлтээр 15 ор гаргах боломжтой гэж УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан мэдээлэв.
Тэрбээр “Эмнэлгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгслээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна. Үүнээс сорьц өгсөн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор байна. Нэмэлтээр 15 ор гаргана” гэлээ.