Цаг үеийн мэдээ

            ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Малын эмнэлэг, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загасны аж ахуйн яам хоорондын ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилт  болон шинээр эхлүүлэх “Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийн талаар санал солилцлоо. БНЭУ нь өнөөдөр хамгийн том сүү үйлдвэрлэгч улс болон хөгжиж жилд 175 сая тонн сүүг үйлдвэрлэснээр энэ салбарт дэлхийн зах зээлийн 21 хувийг эзэлж байна. 

        Дэлхийн сүүний хөгжлийн томоохон хөтөлбөрийг 1970 оноос эхлэн хэрэгжүүлж, орон нутгийн жижиг фермерээс хотын хэрэглэгч хүртэлх бүхий л шат дамжлагыг уялдаатай хөгжүүлж, ханган нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгосон юм. Энэхүү туршлагыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллаж “Энэтхэг, Монголын хамтарсан сүүний хөгжлийн хөтөлбөр” төслийг энэ оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна.

Таны сурталчилгаа