МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилэн сэргийлэх хүрээнд хэрхэн ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.
-Өнгөрсөн хугацаанд хилийн мэргэжлийн хяналтын алба 64 сэжигтэй тохиолдол илрүүлсний 56 нь Буянт-Ухаа, тав нь Замын-Үүд, гурав нь Хавиргын боомт дээр гарсан. Дээрх тохиолдлуудыг төвдөө ХӨСҮТ-д, орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн тусгаарласан. Бүх тохиолдлоос шинэ коронавирүсийн халдвар илрээгүй.
Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байгаагийн 5 нь түр хаагдсан байгаа. Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна. Хоёр сарын 3 нд Гашуунсухайт боомтоор 141 иргэн орж ирснийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн.
Одоогоор иргэдээс шинэ коронвирүсийн халдварын шинж тэмдэг илрээгүй.
Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж, зарим тохиолдолд буцаах арга хэмжээ авч байгаа.
Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шинжилгээ хийгээд халдвар илрээгүй учраас хилээр нэвтрүүлсэн. Түүнчлэн ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу хоёрдугаар сарын 8-нд Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтод термокамер нийлүүлэгдэх гэж байна.