2020 он гараад сар гаруй хугацаа л өнгөрч байна. Энэ хугацаанд эх дэлхийд маань юу юу болов? Уншигч та эргэн нэг санаарай.
Иран Америкийн сөргөлдөөн, Боинг онгоцны сүйрэл, Австралийн байгалийн гамшиг, Африкийн царцаан нүүдэл, Коронавирус, Коби Брайнтын осол гээд 2020 оны жил нь орж байгаа гэлтэй ширүүхэн өдрүүд өрнөж байна.
Дэлхийд болж өнгөрч байгаа энэ мэт үйл явдлууд Монголыг маань тойрсонгүй. Тойрсонгүй гэдгийн учир бид ч энэ өдрүүдэд дуулиан шуугиан ихтэй байлаа.
2019 оны 1-р сарын 26-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг карентилсан. Дэлхий нийтээрээ айж түгшиж байгаа коронавирусний халдвараас л сэргийлж шүү дээ.
Гэтэл эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан олон нийтийн газраар сэлгүүцэх нь энүүхэнд. Эцэг эхчүүдийн маань хариуцлага хаачив?
Монголчууд бид гурван саяулаа. Дайн дажин, халдлага, байгалийн гамшиг болж байгаа дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй тайван амгалан улс. Гэтэл янз бүрийн шалтгаанаар өдөрт хэд хэдээрээ нас барж буй хүний тоо баримтууд хэтэрхий их. Хамгийн харамсалтай нь хорвоотой танилцаад хэдхэн жил магадгүй хэдэн сар, хэдэн цаг, хэдхэн минут болоод хорвоог орхин явж буй бяцхан зүрхний төлөө харамсаад барахгүй юм. Энхийн цагт эндэх ёсгүй олон амь хэн нэгний буруугаас болж эндэх ёсгүй.
Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл гэдэг. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл гэж үздэг аж. Монгол Улсад бүртгэгдсэн нийт осол гэмтлийн 80 гаруй хувь хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалдаг гэсэн статистик бий.
Сүүлийн жилүүдэд санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж бэртэж гэмтэн, цаашлаад амь насаа алдах үзэгдэлд 0-5 насны бяцхан хүүхдүүд өртөж байгаа нь эцэг эхчүүд бидний ямар хариуцлагагүй байгааг илтгэж байгаа биз.
Хамгийн сүүлд буюу өчигдөрхөн /2020.02.05/ нэг өрхийн нэгээс таван насны гурван зүрх зэрэг зогслоо. Эцэг эхэд нь ямар хүнд тусч байгааг төсөөлөхөөс ч бэрэгшээмээр.
Тодруулбал
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд энэ үйл явдал болжээ. Талийгаач гурван хүүхдийн ээж “З” тус сумын тавдугаар цэцэрлэгт ажилладаг. Хэрэг явдал болдог өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч “Д” цэцэрлэгийнхээ 50 жилийн ойн урлагийн тоглолт бэлдэх нэрийдлээр ажилчдаа албан хүчээр дуудсан байна. Хөл хорионы үед. Мэдээж ирэхгүй бол цалингаас хасна танана гэж дарамталсан нь гарцаагүй.
Ингээд аргагүй байдалд орсон ээж гурван хүүхдээ гэрт нь цоожилж үлдээжээ. Ийм явдал болно гэж зүүдлээчгүй байсан биз. Гэтэл эцэг эх нь эзгүй үеэр угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний ус хальсан. Ус хальж угаалгын өрөөний уртасгагчид богино холбоо үүсэн энэ айлын үргэлжлэл болсон гурван бяцхан хүүхэд тогонд цохиулан амиа алдлаа.
Энэ үйл авдалд хэн буруутай вэ?
Мэдээж хэнийг ч буруутгах эрх бидэнд үгүй.
Гагцхүү энэ хорио цээрийн үед, хүн бүрийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй энэ үед бид хайхрамжгүй үйлдэл гаргасаар байх уу.
Зүгээр л энэ үед эцэг эхчүүд бид эцэг эхийнхээ үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмж болохгүй гэж үү. Ажил олгогчид ч мөн эцэг эхчүүдэд нь энэ үүргээ ухамсарлан биелүүлэхэд нь элдэв дарамт шахалт үзүүлэхгүй байж болохгүй гэж үү. Дахин хэлэе. Бид гурван саяулаа. Энхийн цагт эндэх ёсгүй олон амь хэн нэгний буруугаас болж эндэх ёсгүй. Тэр дундаа бяцхан ЗҮРХНҮҮД!!!