Хүүхдийн тархины хөгжил амьдралын эхний зургаан жил маш эрчимтэй явагддаг бөгөөд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоол тэжээл байдаг. Хэрвээ хүүхдийн хоол тэжээл тэдний хэрэгцээг хангаж чадахгүй илчлэг, шим тэжээлтэй эсвэл шим тэжээлийг хангалттай боловсруулж, шимэгдүүлж чадахгүй байвал хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд хүүхдийг зөв, зохистой хооллох нь тэдний тархины хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Хүүхэд дөнгөж төрөөд ангир уургаа амлан эхийн сүүгээр хооллож эхлэх тэр мөчөөс зөв хооллолтын эхлэл тавигддаг билээ. Хүүхдийг амьдралын эхний зургаан сард нь зөвхөн эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Учир нь тэдний ходоод гэдсэнд эхийн сүүнээс өөр ямар ч хоол хялбар боловсорч, шимт бодисууд нь бүрэн шимэгдэж чаддаггүй байна. Зургаа хүртэлх сартай хүүхэд хоногтоо 660-720 ккалилчлэг авах хэрэгцээтэй ба үүнийг эхийн сүү дангаараа хангаж чадна.
Харин 6 хүртлэх сартай хүүхэдтэй хөхүүл эх хүүхдийнхээ энэ хэрэгцээг бүрэн хангахын тулд хоногтоо 2490 ккал илчлэгийг гол нэрийн хүнс болох үр тариан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүнээс зөв харьцаатайгаар тохирсон хэмжээгээр өдөр бүр хэрэглэж, биеийнхээ жинд тохируулан усыг тогтмол уух нь сүүний гарцанд сайнаар нөлөөлдөг байна.