Сүүлийн нэг сарын хугацаанд иргэд амны хаалт зүүж, хүүхдүүд хөл хорионд орсноор томуугийн дэгдэлтийн хувь хэмжээ эрс багасаад байна.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 4-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 24.9 хувийг 0-1 нас, 21.4 хувийг 2-4, 20.1 хувийг 5-9, 11.7 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн төвд 1711 дуудлага ирснээс 64.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт орны ачаалал хэтрээгүй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 362 орыг зохицуулалт хийж, нэмэлтээр 9 орыг дэлгэсэн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 152 тохиолдол буюу 35.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүмүүс байна. Иймд иргэд цаашид амны хаалтаа тогтмол зүүж, хувийн ариун цэврээ хангаж, илчлэг хоол ундаар бие тордож байхыг ЭМЯ–аас зөвлөж байна.