Монголчууд бидний "Сүх далайтал үхэр амгалан" хэмээх зүйр үгс бий. Энэ үгний биелэл өдгөө бидний дүр зураглал болон харагдаж байна. Учир юун хэмээвээс дэлхий дахиныг цочроосон аюулт өвчний дэгдэлт өмнөд хөршид маань гарч хэдэн зуугаараа амиа алдсаар байна. Агаар дуслын замаар маш хурдацтай халдварлаж буй коронавирус хэмээх энэ өвчний өмнө дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг БНХАУ хазаарлаж чадахгүйгээ нэгэнт зарлалаа. Энүүхэн дэргэдэх Хятадын Эрээн хот онц байдал зарлачихаад байна. Гэтэл Монголчууд бид өнөөх амгалан үхрийн дүр зургаараа дэлгүүр, хүнсний захаа хэссэн шигээ бөөн бөөнөөрөө алгуурлан алхацгаах. Хамгийн аймшигтай нь тэд ганц аврал болсон амны хаалтаа зүүгээгүй, түүндээ ч санаа зовж буй шинж үгүй.
Үүнээс гадна тэд өөрсдөө дэлгүүр хоршоогоор дангаар хэсээд байна уу гэвэл үгүй ээ. 2-5 насны балчир хүүхдүүддээ мөн л амны хаалтгүй дагуулан олны хөлийн газар хөлхөцгөөнө. Учир мэдэхгүй тэдгээр бяцхан үрсэд ямар буруу байхав. Харин үр хүүхдийнхээ эрүүл саруул амьдрах эрхийг зөрчиж байгаа тэдгээр эцэг эхчүүдийг хатуу шийтгэмээр санагдана. Болдог бол хүн их хөлхдөг УИД, Е март зэрэг томоохон дэлгүүрүүд амны хаалт зүүгээгүй бага насны хүүхдүүдэд үйлчлэхгүй гэх хатуу журмыг баримтламаар санагдана.
Уг нь энэ өвчнөөс сэргийлэх сэрэмжид нэгдүгээрт олны хөлийн газар амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, нэг дор олноор цуглахгүй байх зэрэг цээрлэх зүйлүүд нэлээдгүй бий. Гэтэл бидний цөөхөн Монголчууд удахгүй болох сар шинийн баяртаа бэлдэн хөл хөөрцөг болсоор. Өнгөрсөн хоёр амралтын өдрүүдэд "Хүчит шонхор" захын хөл хөдөлгөөн асар их байсан бөгөөд ууц, буузны махаа бэлдэгсэд захаар дүүрэн, бие биенээ шүргэж мөрлөн багтаж ядан байсан. Уншигч та нийтлэлийг маань уншаад мах, хүнсээ бэлдэхэд буруу байна уу хэмээн бодож буй бол азнана уу. Зах дотор замбараагүй хөлхих тэр олон хүмүүс дунд амны хаалт буюу маск зүүсэн хүн өдрийн од мэт ганц нэгхэн байсанд бичиглэлийн маань гол утга агуулагдаж байна. За тэгээд ууц махаа нүцгэн гараараа тэвэрчихээд шүлс цэрээ газарт сад тавин хаях нэгэн ч тэнд харагдана лээ. Тэнд бараг амны хаалт зүүсэн нэгнээ "сүр бараатайгаар нь" хочилж, муухай харах нь холгүй. Уг нь нэг үеэ бодвол амны хаалтны олдоц гайгүй л болоод байгаа юм билээ.
Энэ мэт эрүүл мэндийн боловсрол тун муу Монголчууд бидний дунд энэ аюулт өвчин нэгэнт дэлгэрвэл бидэнд аврал үгүй болно. Аюулын харанга аль хэдийнэ дэлдэж эхэлчихээд байхад бид бууз баншаа бодсоор л...
Эцэст нь та өөртөө хайргүй байж болно, танд амны хаалт шаардлагагүй гэж бодож болно. Гэхдээ энд таны амны хаалтгүй явах надад илүү эрсдлийг дагуулж байгааг анхааралдаа авна уу!
Би өөртөө болон үр хүүхэд гэр бүлдээ хайртай!