Энэ ажлын хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа мэдээллээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулах болсон юм.
Тэрбээр "Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслүүдийг авахаар болсон. Эдгээрийг худалдан авах гэрээг хийж, энэ долоо хоногт нийлүүлж дуусгахаар ажиллаж байна.
Түүнчлэн гадаадын зээл тусламж, олон улсын байгууллагаас нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсээр байгаа бөгөөд маргааш гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ" хэмээв.
2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр манай улсад Японоос 200 ширхэг оношлуур ирж байв. Үүнээс хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 100 гаруй оношлуур үлдсэн байна.