Хаван бол биед хуримтлагдсан шингэн юм. Энэ удаад уншигч танд хаван үүсэх түгээмэл шалтгаан болон хаванг хэрхэн буулгах талаар мэдээлэл өгье.
1. Давс Өдрийн давсны хэрэглээ – 5 г эсвэл овоолон биш 1 ц.х. Хүнсээр дамжуулан өдөрт авах давсны хэрэглээ ихэсвэл биед шингэн хуримтлагдаж эхэлнэ. Энэ тохиолд давсны хэрэглээг багасгана. Хоол давсгүй санагдаад байвал амтлагч ногоо хэрэглээрэй.
2. Хавагнахаас гадна загатнах, улайх зэрэг шинж тэмдэг байвал харшил гэж үзнэ. Энэ тохиолдол хаван эрчимтэй нэмэгдэх, мөн хүзүү, нүүр хэсгээр илүү их байвал яаралтай эмнэлгийн тусламж авна. Багахан хаван бол харшлын эсрэг эм уугаарай.
3. Гормоны тэнцвэрт байдал алдагдах нь биед шингэн хуримтлагдах бас нэгэн шалтгаан. Гэдэс дүүрэх, хөлөөр хавагнах, жин нэмэгдэж байгаа бол гормоны тэнцвэрт байдал алдагдсаны хавагналт гэж үзнэ. Энэ үед хоол хүнсэндээ анхаарч уургийн агууламж ихтэй хоол түлхүү идэж амттан, давстай, хурц халуун ногооны хэрэглээг эрс багасгана. Мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.
4. Бөөрний өвчлөлийн үед өглөөгүүр хаван үүснэ. Үүний зэрэгцээ бэлхүүсээр өвдөж, шээсний өнгө өөрчлөгдөнө. Энэ үед хоолны дэглэм баримтална. Нуруугаараа унтах (доош харж унтахад шингэн хуримтлагдахад нөлөөлдөг). Мэдрэл, бөөрний эмчид үзүүлнэ.
5. Зүрхний өвчлөлийн үед хөл, гэдсээр хавагнана. Үүнээс гадна цээжээр өвдөх, ядрах, амьсгаадах шинж тэмдэг хавсарна. Зүрхний хаванг өөрөө дур мэдэн буулгах эмчилгээ хийхгүй. Заавал мэргэжлийн эмчид хандаарай.
6. Зарим нэг эм уусны гаж нөлөөний үед хавагнана. Жишээ нь халуун буулгах, өвчин намдаах эмийн үед хавагнах магадлалтай. Хэрвээ эмийн гаж нөлөө бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Эмч танд гаж нөлөө багатай өөр эмээр орлуулах санал болгоно.
7. Босоо эсвэл суугаа ажил хийдэг бол хөлөөр хавагнах магадлал өндөртэй. Суугаа ажил хийдэг хүмүүс үе үе биеийнхээ чилээг гаргаж дасгал хийх хэрэгтэй. Мөн хөлөө ачиж суухгүй. Хэрвээ босоо ажил хийдэг бол сууж хөлөө амраана, хөлөндөө иллэг хийх зэрэг арга хэмжээ авна.
8. Шингэний дутагдалд орж эхлэхэд бие эрхтэн шингэнээ өөрөө нөөцөлж эхэлдэг. Ингээд бугуй, гэдэс, хөл орчмоор хавагнана. Энэ үед өдөрт 1,2 л-ээс багагүй шингэн хэрэглэнэ, кофе, согтууруулах төрлийн ундаа, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай. Хавагнах нь заавал ямар нэгэн өвчний шалтгаан болно гэж шууд ойлгож болохгүй. Магадгүй халуун өдөр эрүүл хүнд ч үүсэх зүйл, өөрт таараагүй гутал өмссөн, давсархаг хоол идсэн эсвэл хэт их шингэн ууснаас ч хавагнах магадлалтай.