Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн шөнийн 03:00 цагт захуудыг хаах шийдвэр гаргасан байна.
Түүнээс гадна Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ. Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээллээ.
Аливаа худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. Иймд ямар нэгэн үндэслэлгүй ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас дахин анхааруулъя гэжээ.