Хэрэв хүмүүст юу хүссэнээ хий, ямар ч эсэргүүцэл шийтгэл байхгүй гээд бүрэн зөвшөөрөл өгвөл юу болох бол?
1974 онд Неапольд хийсэн “0 хэмнэл” перформансынхаа үеэр Югослав гаралтай уран бүтээлч Марина Абрамович нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэрээр "өд, шүдэнз, мэс заслын хурц хутга, торт, дарс, хадаас, тонгорог, гинж, зөгийн бал" зэрэг 72 нэр төрлийн эд зүйлс тавьсан урт ширээний дэргэд 6 цагийн турш зогсов.
Гэхдээ түүний дэргэд нэгэн сонирхолтой бичиг бүхий самбар байв. Түүнд “Би бол обьект. Энэ ширээн дээр байгаа 72 зүйлээс та өөрийн дураар авч над дээр туршин хэрэглэх эрхтэй. Зургаан цагийн дотор би өөрийн биед тохиолдох бүх зүйлийн хариуцлагыг бүрэн хүлээх болно” гэсэн байв. Эхлээд үзэгчид болгоомжтой, соёлтой байж, түүнийг эелдгээр тэвэрч, цэцэг өгч, гарын үсгийг нь авч байв.
Хэсэг хормын дараа зураач өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгийг мэдмэгцээ хүмүүсийн хандлага бага багаар өөрчлөгдөж эхэллээ. Зарим нэг хүмүүс эхлээд түүний биед хүрэв. Энгийн үед, танихгүй хүний биеийн хүрч болохгүй хэсгүүдэд хүрч эхэллээ. Мөн ширээн дээрх сарнайн өргөсийг бие рүү нь шааж, үсийг нь хайчилж, хувцсыг нь хутгаар сийчсэн төдийгүй биеийг нь ч хүртэл сийчэв. Нэг эр бүр түүний шанаанд цэнэгтэй буу тулгав. Гэвч өөр нэгэн эр түүнийг болиулах гэж оролдсоноор зодоон үүссэн байна.
Тэрээр эцэст нь дараах дүгнэлтэд хүрчээ.
“Бидний гадаад төрх бол зөвхөн баг. Хэрэв ард нь ямар ч шийтгэл байхгүй, чи ямар ч хариуцлага үүрэхгүй, хэн ч чамайг барихгүй гэвэл бид тэр дороо л зэрлэг амьтан болон хувирна гэдгийг л би хүмүүст өөрсдөд нь харуулахыг хүссэн юм. Эрүүл, энгийн гэгддэг хүмүүс ч хүртэл боломж нь гарвал хэрцгийлэл, хүчирхийллээс буцахгүй” хэмээн тэрээр хэлжээ.